Монголын энхийг сахиулагчид Гана улсад хамтарсан дадлага хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Африкийн Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны ээлжийг хүлээлцэв. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальон Гана улсын цэрэг, цагдаагийн зэвсэглэсэн салбартай хамтарсан сургалт, дадлага өнгөрсөн сарын 26-нд болов. Дадлага сургалтад мотобуудлагын батальоноос 50 цэргийн алба хаагч хамрагдаж, батальоны хариуцаж буй бүсэд үүсэж болзошгүй цагийн байдалд ажиллах дэс дараалал, иргэдийн үймээн, түүнийг таслан зогсоох арга тактик, цэргийн цагдаагийн бүлэгт ашиглаж буй хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгсэл, аминд үл хүрэх зэвсэглэл, тэдгээрийг ашиглах нөхцөл, шаардлага зэргийг судалжээ.
Сургалтын төгсгөлд Гана улсын цэргийн алба хаагчидтай хамтран иргэдийн үймээнийг таслан зогсоох сургалтыг хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэгсэл, зэвсэг, техниктэйгээр дадлагын хэлбэрээр зохион байгуулж, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлсэн талаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Мөн манай улсын цэргийн баг Непал улсын цэргийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 10 гаруй орны цэргийн баг, алба хаагчдын дунд болсон нөхөрсөг тэмцээнд оролцож багийн дүнгээр дэд байранд шалгарав. Тэмцээнд Монгол, БНХАУ, Энэтхэг, Непал, Герман, Канад, Реванда, Гана зэрэг орны 26 багийн 150 орчим цэргийн алба хаагч болон НҮБ-ын энгийн ажилтнууд оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд БНХАУ-ын баг 1 цаг 40 минут, дэд байранд Монгол Улсын баг 1 цаг 41 минут, гутгаар байрт Непал улсын баг 1 цаг минут 47 минутын амжилтаар тус тус шалгаржээ.
Тэмцээнд
оролцогч багийн гишүүн бүр 10 кг
ачаатайгаар заагдсан маршрутын дагуу долоон цэгт өгөгдсөн даалгаврыг богино
хугацаанд гүйцэтгэв. Баг
тамирчид тэмцээний зааварт заасны дагуу 3.2 км-т
гүйж, өвчтөнд анхны тусламжийг үзүүлэх, татан гаргах, инженерийн саадыг туулах,
заасан цэгт 20 кг ачааг
зөөх, уулын саад туулах, газрын зураг ашиглан азимутаар явж, тэмдэглэсэн 6 цэгийг олох, хүчний таван дасгалыг хийх
зэрэг даалгаврыг гүйцэтгэв. Тэмцээнд
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийг төлөөлж дасгалжуулагчаар ахлах
ахлагч Ц.Түмэнцэнд, багийн ахлагчаар дэд ахлагч Ц.Галсанжамц, гишүүнээр ахлагч
А.Энхмандах, Т.Билэгсайхан, Б.Дашням, Ц.Баттөмөр нарын бүрэлдэхүүнтэй оролцов.