Европын парламент Украинд ЕХ-нд элсэх нэр дэвшигчийн статус олгохыг зөвлөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-03-02 10:05:54

КИЕВ. /Ukrinform/. Украин улсад гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус олгох талаар ажиллахыг Европын Холбооны /ЕХ / гишүүн орнуудад зөвлөсөн тогтоолыг Европын Парламент /ЕП/ мягмар гарагт олонхын саналаар баталлаа.


Баримт бичгийг ЕП-ын цахим хуудсанд нийтэлсэн байна.


“Парламент... Европын Холбооны Гэрээний 49 дүгээр зүйлд заасны дагуу болон зүтгэлийг нь харгалзан Украинд ЕХ-нд нэр дэвшигчийн статус олгох талаар хангалттай бэлтгэх, мөн Холбооны тухай Гэрээний дагуу тус улсыг ЕХ-ны дотоод зах зээлд нэгтгэх талаар үргэлжлүүлэн ажиллахыг Европын Холбооны институтүүдэд уриалах тогтоол гаргаж байна” гэж уг баримт бичигт дурджээ.


Мягмар гарагт болсон ЕП-ын ээлжит бус чуулганы сэдэвчилсэн сонсголын үеэр парламентын дарга Роберта Мецола, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар Украины эрх баригчид ЕХ-нд элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасныг сайшааж, тус улс Европын гэр бүлийн нэг хэсэг гэдгээ батлан харуулсан учир дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ, Европын Комиссын дарга мэдэгдэхдээ, энэ асуудлыг ОХУ-ын эхлүүлсэн дайн дууссаны дараа бодитоор авч үзэх боломжтой гэж онцлон тэмдэглэсэн байна.


Холбоотой мэдээ