Эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангахад ЭХЯ, ЖАЙКА хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-02 07:03:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) хамтран сэргээгдэх эрчим хүчний оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэх, чадавхыг бэхжүүлэх төслийн хамтын ажиллагааны санамж бичигт байгуулав.


Төслийг эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын чадавхыг дунд, урт хугацааны туршид бэхжүүлэх, сургалт, судалгааг 3 жилийн хугацаанд ЭХЯ, JICA хамтран хэрэгжүүлнэ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний оролцоотой эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэх, эрчим хүчний нэгдсэн системийн өдөр тутмын шуурхай үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохицуулах ухаалаг системийг бий болгож, сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх боломж бүрдүүлнэ.


Санамж бичигт гарын үсэг зурснаар УИХ-ын 2020 оны тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой аж.


Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико оролцлоо.


Монгол Улсын эрчим хүчний салбарт Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн шугамаар 1991 оноос “ДЦС-4” ТӨХК–ийн техникийн шинэчлэл, 2014 оноос тус станцын үр ашгийг дээшлүүлэх төслүүдийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлж иржээ.

 

Холбоотой мэдээ