Залуу улсын аварга малчин С.Отгонжаргал 32 жилийн дараа аавынхаа амжилтыг давтан баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-01 12:26:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн малчин Сономцэрэнгийн Отгонжаргал, Бямбаагийн Тунгалагтуяа нарт Монгол Улсын аварга малчны цол тэмдэг, цом, өргөмжлөлийг тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн болон аймаг, сумын удирдлагууд гардуулж, баяр хүргэлээ.

Залуу аваргын аав Сономцэрэн Монгол Улсын аварга малчин, Улсын алдарт уяач хүн байсан бөгөөд 32 жилийн дараа аавынхаа амжилтыг давтан баталж байгаад ах дүүс, сум, нутгийнхан нь бахархаж байв.

1998 онд наймдугаар анги төгсөөд, түүнээс хойш мал маллаж байгаа С.Отгонжаргалынх өнөө жил дөрвөн төрлийн 1700 гаруй толгой мал тоолуулжээ. Багаасаа хурдан морь унаж өссөн тэрбээр сум, аймагтаа хэд хэдэн айраг, түрүү авч, сумын алдарт уяач болжээ.

Удамт сайн малчин маань “Хүн, мал хоёр байгаль, цаг уураас хамааралтай болохоор хатуу, ширүүн өвөл, хаварт шантрах үе байсан. Гэхдээ малаа орхиж байгаагүй. Өвөл, хаврын хүндрэлийг бэлтгэл сайн хийж байж, нэлээн хөдөлмөр шаардаж байж л давдаг. Намар өвс хадлангаа сайн авч, алсаас бэлтгэл хангах хэрэгтэй. Малаа чанаржуулахын тулд зүүн аймгаас азарга авчирч тавилаа. Манайх ааваас уламжилж, өсгөн үржүүлсэн “Тамир” үүлдрийн хоньтой. “Тамир” үүлдрийн хонь илүү нугаламтай, урт сахлаг ноостой байдаг онцлогтой. Энэ чанарыг нь алдагдуулахгүй байхыг хичээдэг” гэлээ. Түүнчлэн, малын тарга тэвээрэгт анхаарахаас гадна тарилга, туулга хийлгэж, эрүүл байлгахад анхаарахыг нийт малчдадаа уриаллаа. 

2003 оноос хойш 10 гаруй залуусыг малжуулсан тухайгаа аваргын гэргий Б.Тунгалагтуяа нэмж хэллээ. Тэрбээр Улаанбаатар хотод амьдарч байгаад ханьтайгаа нийлснээс хойш Ихтамир сумандаа малчин болж, дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айлын эзэгтэй, Монгол Улсын аварга малчин болжээ.

Холбоотой мэдээ