Шороон шуурганы эрсдэлтэй 3 дугаар сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-03-01 09:32:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2022 оны 2 дугаар   сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байна.


Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр -12...-20 хэм, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар дугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь -4...+2 хэм, бусад нутгаар -5...-11 хэм хүйтэн байдаг байх юм. Гуравдугаар сарын агаарын температур 2000 оноос өмнөх жилүүдэд ОЖД–аас харьцангуй хүйтэн байжээ. Тухайлбал: 1980, 1983–1988, 1991–1992, 1994–1996, 1999 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–6 хэмээр хүйтэн байсан байна. Харин 1990, 1997, 2002, 2008 онууд болон сүүлийн жилүүдэд агаарын температур олон жилийн дунджаас 1–6 хэмээр дулаан байсан байна 


Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын нутаг, Завханы зүүн, Төв, Хэнтийн хойд хэсгээр  сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм ордог. Хур тунадасны хувьд 2007-2010, 2016, 2017 онуудад ихэнх нутгаар ОЖД-аас ахиу  орсон юм байна. Сүүлийн жилд буюу 2018-2021 онуудад ОЖД-аас бага хур тунадас оржээ.  Энэ сард салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгаа ба хүчтэй цасан болон шороон шуурганы эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбоотой ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулжээ.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг доорх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говийн аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийн тулах цэг нь болдог энэ нэршил алхам тутамд хэрэглэгдэнэ.


Баруун аймгуудын нутгаар.  Ховд, Говь–Алтайн өмнөд хэсгээр энэ сард агаарын дундаж температур ОЖД–ийн орчим байна. Бусад нутгаар дунджаас дулаан байх аж. Баян–Өлгий, Завханы ихэнх нутаг, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд, Увсын зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу чийг унана. Бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна . Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2–4 хэмээр р хүйтэн байх төлөвтэй. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас, бороо (хур тунадас) орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.


Төвийн аймгуудын нутгаар. Архангайн өмнөд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна . Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээрр дулаан. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2–4 хэмээрр хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав  хоногийн сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас, бороо (хур тунадас)  орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй. 


Зүүн аймгуудын нутгаар. Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас цас, бороо (хур тунадас) бага орно. Бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн турш ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр дулаан. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав  хоногийн сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас, бороо (хур тунадас) орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй. 


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан. Харин ОЖД–ийн орчим цас бороо (хур тунадас) орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр дулаан. Гэхдээ нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр хүйтэн байх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй хэмээн цаг агаарын 3 дугаар сарын урьдчилсан мэдээнд онцолжээ


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.


Мөн  жил бүрийн 3 дугаар сард  ажиглагдах  болсон  дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол оронд  шороон болон цасан шуурганы тоо нэмэгдэх болжээ. Иймээс 2021 оны 3 дугаар сарын 13–15–ны өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар салхины хурд секундэд 16–24 метр, зарим үед 35 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан. Түүний зураглалыг Европын дунд хугацааны прогнозын төвийн мэдээлэл дээр тулгуурлан тухайн салхины орон зайн тархцыг  дээрх зургаар үзүүлжээ.

Холбоотой мэдээ