Монгол орны амьтан, ургамлыг хагас зуун жил судалсан экспедицийн орос эрдэмтдийг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-26 09:55:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Монгол, Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Оросын талын эрдэм шинжилгээний удирдагч, академич В.В.Рожнов, экспедицийн Оросын талын дарга С.Н.Бажа, орлогч дарга Н.И.Дорофеюк, А.Д.Гунин, тэргүүлэх программист А.В.Андреев нарыг шагнажээ. Шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин  гардуулсан байна. 


Элчин сайд Ө.Энхтүвшин энэ үеэр хэлэхдээ, “Тус экспидец 53 жилийн туршид тогтвортой, тасралтгүй ажиллаж, энэ хугацаанд Монголын амьтан, ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоож, биологийн олон янз байдал, байгалийн нөхцөлийн өвөрмөц онцлог, зүй тогтлыг илрүүлсэн эрдэм судлалын олон зуун боть эрдмийн бүтээл туурвисан. Тухайлбал “Монгол орны байгалийн нөхцөл, биологийн нөөц” цувралаар 66 боть, “Монгол орны шавж” цувралаар 11 боть, “Сээр нуруутан амьтад” цувралаар 7 боть, түүнчлэн 100 гаруй нэг сэдэвт бүтээл, нийт 6,5 мянган эрдмийн бүтээл хэвлүүлж, “Монгол орны экосистемийн зураг бүтээсэн”-ийг онцлон тэмдэглэв.


Түүнчлэн экспедицийн хээрийн судалгааны ажлын дүнд тулгуурлан хоёр орны 107 эрдэмтэн докторын, 45 эрдэмтэн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсныг тэрээр тодотгоод, монгол орны байгаль орчныг хамгаалах, судлах, экологийн аюулгүй байдлыг хангахад олон жилийн турш нөр их хөдөлмөрлөж, олон арван эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн бүтээл туурвиж ирсэнд нь талархал илэрхийлснийг Гадаад харилцааны яам мэдээлжээ. 

Холбоотой мэдээ