Антонио Гутерриш НҮБ-ын тэргүүн болох магадлал өндөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-23 11:39:21

НЬЮ-ЙОРК. /VOA/. Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутерриш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох магадлал өндөр байна.

НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүний халааг авахаар өрсөлдөж буй 12 өрсөлдөгчийн тоог цөөрүүлэх буюу тэдний нэрсийн жагсаалтыг хумих талаарх эхний санал хураалтыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ энэ долоо хоногийн пүрэв гарагт явуулсан юм.

НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүн санал хураалтын үеэр нэр дэвшигч тус бүр дээр “дэмжиж байна”, “дэмжихгүй байна” болон “ямар ч хувилбар алга” гэсэн гурван хувилбараас сонголтоо хийжээ.

Эх сурвалжуудын мэдэгдсэнээр, мөн НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссароор 10 жил ажилласан Антонио Гутерришийг АЗ-ийн 15 гишүүний 12 нь “дэмжиж байна” гэсэн бол нэг нь ч “дэмжихгүй байна” гэсэн хувилбарыг сонгоогүй байна.

Эхний хаалттай санал хураалтаар Словенийн Ерөнхийлөгч асан Данило Тюрк хоёрдугаарт оржээ. Түүнийг АЗ-ийн 15 гишүүний 11 нь “дэмжиж байна” гэсэн бол хоёр нь “дэмжихгүй байна” гэжээ.

Харин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова болон өөр хоёр өрсөлдөгч адил санал авснаар гуравдугаар байрт орсон байна.

АЗ хоёр дахь санал хураалтыг удахгүй явуулах аж.

Бан Ги Мүний НҮБ-ын тэргүүнээр ажиллах үүрэг хугацаа энэ оны сүүлчээр дуусах юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ