Хятадад үерийн улмаас хэдэн арван хүн амиа алдаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-23 11:38:51

БЭЭЖИН. /Reuters/. Хятад улсын хойд болон төвийн нутагт үер болсны улмаас наад зах нь 87 хүн амь эрсдэж, олон хүн сураггүй болж, хэдэн мянган хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлээд байна гэж албаны хүмүүс хэллээ.

Хөбэй болон Хөнань муж үер, хөрсний нуралтын улмаас хамгийн их хохирол амсаад байна.

Хөбэй мужид бараг 50 мянган айл орон гэргүй болж, 72 хүн амиа алдсан бол Хөнаньд 18 мянган айлын орон гэр эвдэрч сүйджээ.

Үерт өртсөн бүсүүдийн оршин суугчдад санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлнэ гэж тус улсын албаны хүмүүс хэлэв.

Хөбэйгийн нэг хотод, тодруулбал Синтайд 25 хүн амиа алдсан байна. Тус мужид 300 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Мөн үерт өртсөн газрууд гэрэл цахилгаангүй болж, харилцаа холбоо болон тээврийн шугам сүлжээ эвдэрч гэмтсэн байна.

Үер болж, хөрсний нуралт үүсч болзошгүй гэж урьдчилан анхааруулаагүй гэж албаны хүмүүсийг бухимдсан оршин суугчид буруушааж байна.

Хятадад энэ зун үе үе ширүүн бороо орсны улмаас нэг бус удаа үер болж, хөрсний нуралт үүссэн юм. Үүний уршгаар нийтдээ 200 гаруй хүн амиа алдаад байгаа билээ.

Мөн 1.5 сая гаруй га газрын ургац усанд автаж, 3 тэрбум долларын шууд хохирол амсаад байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ