Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис ашиглах гэмт хэрэг 18.8 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-22 17:52:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.


Монгол Улсын шүүх 2021 оны бүтэн жилд 89 089 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс анхан шатны эрүүгийн хэргийн 12 068, иргэний 45 444, захиргааны 1764 хэргийг хянан шийдвэрлэжээ. 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллаж, 2351 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа онцлов.


Түүнчлэн тэрээр, "Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оныхоос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус багассан бол захиргааны хэрэг 15.7 хувиар, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн байна.

Хяналтын шатны шүүх өнгөрсөн онд эрүүгийн 322, иргэний 1576, захиргааны 145, нийт 2043 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оныхоос 53 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан бол иргэний хэрэг 86.3 хувиар ихэссэн дүнтэй гарлаа.

Өнгөрсөн онд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид дунджаар 97.3 хэрэг, аймаг дахь дундын нэг шүүгчид дунджаар 77.4 хэрэг шийдвэрлэсэн байна. Өмнөх оныхоос дүүргийн нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 24.2 хувиар, аймаг дахь сум дундын нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 8.9 хувиар тус тус буурсан байна" гэлээ.




Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, “Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ихэнх гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан ч хүчингийн болон залилангийн гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг өссөн дүнтэй гарсан. Тодруулбал, хүчингийн гэмт хэргийн тухайд өнгөрсөн оны мөн үед 307 хэргийг хянан шийдвэрлэж байсан бол өнгөрсөн оны тайлант хугацаанд 346 хэрэг хянан шийдвэрлэж 39 хэргээр буюу 12.7 хувиар өссөн дүнтэй гарсан. Харин залилангийн гэмт хэрэг 736 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 22 хэргээр буюу 3.1 хувиар өссөн дүнтэй гарсан. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиглах 147 хэрэг хянан шийдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 34 хэргээр буюу 18.8 хувиар буурсан дүнтэй байна.

Мөн өнгөрсөн онд Авлигын гэмт хэрэг бүхэлдээ өсөлттэй байжээ. Хоёр хэрэг тутмын нэг нь авлига албан тушаалаа ашигласан хэргээр шүүхэд шийдвэрлүүлж байна” гэв.




Энэ үеэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Баяржаргал Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр хэлэхдээ, “Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий 12 хүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал ирүүлсэн. Уг саналыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч өнөөдрийн байдлаар 10 хүн таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Б.Мөнхтөрд холбогдох шүүх хурал өнөөдөр 11.00 цагт товлогдсон бол Н.Мөнхбатыг яллагдагчаар татах санал ирүүлсэн боловч өчигдөр өмгөөлөгчийн зүгээс татгалзсан тул шүүх хурал түр хугацаагаар хойшилсон. Өнөөдрийн байдлаар яллагдагч Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, А.Ариунболд, Д.Чойжилжалбуу, Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Ц.Баатарбилэг, Б.Ууганбаяр, Д.Дэлгэрсайхан нарыг яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс аваад байна. Мөн Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснээр шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж хилээр гарах хязгаарлалт тогтоох арга хэмжээг хэвээр үлдээсэн” гэлээ.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллээр, 2021 онд хүчиндэх, залилах гэмт хэрэг өссөн байна. Тодруулбал, Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс,

  • хүчингийн гэмт хэрэг 39 хэргээр буюу 12.7 хувиар,
  • залилангийн гэмт хэрэг 22 хэргээр буюу 3.1 хувиар,
  • авлигын гэмт хэрэг 39 хэргээр буюу 33.6 хувиар тус тус өссөн байна.

Харин хулгайлах, дээрэмдэх, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах зэрэг гэмт хэрэг буурсан байна. Үүнд,

    • авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 242 хэргээр буюу 23.5 хувиар,
    • бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 683 хэргээр буюу 12.0 хувиар,
    • хулгайлах гэмт хэрэг 361 хэргээр буюу 22.4 хувиар,
    • дээрэмдэх гэмт хэрэг 78 хэргээр буюу 29.0 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

    Мөн шүүхээс торгох ялаар шийтгүүлсэн хүний тоо өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсжээ. Тодруулбал, өнгөрсөн онд шүүхээс нийт 6179 хүнд торгууль ногдуулсан бол хоёр хуулийн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх арга хэмжээ авчээ.


    Холбоотой мэдээ