Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн статусыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатайд санал нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-22 16:02:42

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойн хүрээнд өнгөрсөн үеийн амжилт, алдаа онооноос суралцах, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох зорилгоор "Мэдээллийн агентлагийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг агентлагийн мэдээллийн төвд өнөөдөр зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралд МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг, орлогч дарга Ш.Батболд, "Улаанбаатар Эрдэм-Оюу их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Т.Баасансүрэн, нэрт нийтлэлч, судлаач, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Ч.Эрдэнэ, МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал, МОНЦАМЭ агентлагийн дарга асан С.Алтанцэцэг нар оролцож илтгэл тавив.

1921 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдаж эдүгээ 95 жил болж буй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчлах, дэлхий нийтэд болж буй үйл явдлын мэдээллийг дотооддоо түгээх үүргээ амжилттай биелүүлж ирсэнийг илтгэгч Т.Баасансүрэн дурьдав.

Тэрбээр илтгэлээ агентлагийн түүхийн чиглэлээр бэлтгэсэн бөгөөд МОНЦАМЭ агентлагийн үүсгэл нь 1916 оноос эхлэлтэй хэмээх мэдээллийг онцлов. Учир нь Богд хаант Засгийн үед Монголд Гадаад яам, Дотоод яам, Сангийн яам гэх мэт  5 яам байгуулагдсан бөгөөд 100 гаруй жилийн түүхтэй. Тэгвэл тухайн үед 1916 оны өвлийн дунд сард "Богд хаант Монгол Улсын Нийслэл хүрээний цахилгаан мэдээний элдэв хэргийг ерөнхийлөн шийдвэрлэх хороо"-г Богд хааны 12 анги 93 заалт бүхий зарлигаар байгуулсан нь түүхэнд үлджээ. Энэ нь Монгол Улсад мэдээллийн агентлаг үүссэн цаг хугацаа буюу өнөөгийн МОНЦАМЭ-гийн эхлэл мөн гэж үзэх үндэслэлтэй. Үүнийг судлан бүрэн баталж чадвал МОНЦАМЭ өнөөдөр 100 жилийн ойтойгоо золгож байна гэсэн үг. Тиймээс дараа дараагийн залуу судлаачид нарийн судлах хэрэгтэй” хэмээв. 

Түүнчлэн Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилго бүхий МОНЦАМЭ агентлагийг идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг хангахын тулд агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийг нэн даруй баталж, статусыг тодорхой болгох шаардлагатайг ч хэллээ.

Түүний дараа МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал, МОНЦАМЭ агентлагийн дарга асан С.Алтанцэцэг “Үндэсний мэдээллийн агентлагийн сорилт, боломж” сэдэвт илтгэл тавив. Илтгэлдээ зөвхөн МОНЦАМЭ бус дэлхийн бүх агентлагийн өмнө тулгамдаж буй бэрхшээл, даван гарах арга замыг тусгахыг зорьсноо дурьдав.

Технологийн дэвшил, олон нийтийн сүлжээний хөгжил, иргэдийн мэдээлэл авах өөрчлөлт, даяаршил зэргээс үүдэн улс болгоны мэдээллийн агентлагийн өмнө нийтлэг асуудал тулгамдаж байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд үндэсний мэдээллийн агентлаг улс орныхоо шинж чанарыг хадгалан үйл ажиллагааныхаа чиглэлийг шинэчилж, мэдээллийн шинэ технологи эзэмших замаар шийдвэрлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, орчин цагийн хувьсал, хувирлыг хурдан хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгахгүй бол мэдээллийн үндсэн уурхай, монопол эрхээ алдах төдийгүй мэргэжлийн сэтгүүлчдийн нэр хүнд, албан тушаал сулрах төлөвтэй болно гэдгийг хэллээ.

Иргэний сэтгүүл зүй буюу цахим ертөнц дахь олон нийтийн сүлжээг ашиглан иргэд дуртай мэдээллээ цацах болсон. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн сэтгүүлчдийн нэр хүнд суларч, уламжлалт ойлголтыг өөрчилж байгаа. Хэдхэн жилийн өмнө цахим хуудсууд хэвлэл мэдээллийн салбар мөн эсэх талаар мэтгэлцэж байсан бол эдүгээ ухаалаг утас, таблет зэрэг нь мэдээлэл дамжуулах хамгийн шуурхай төхөөрөмж болжээ. Үүнтэй холбогдуулан мэдээ мэдээллийн чанар алдагдаж, суларч буй нь ажиглагдах тул дэлхийн томоохон улс үндэсний мэдээллийн агентлагуудаа дэмжин, өөрийн орныхоо нэрийн хуудас болгож байгаа бөгөөд манай улс ч энэ чиглэлд хөгжих шаардлагатай гэв.

Үүний дараа МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг “МОНЦАМЭ агентлагийн ирээдүй, хөгжлийн чиг хандлага” илтгэл тавьсан. Тэрбээр, Чөлөөт зах зээлд мөнгө бүхнийг шийддэг тул санхүүгийн хүчин чадлаа тооцохгүйгээр цаашид хөгжих боломжгүй юм. Сэтгүүлчид голдуу хэвлэлийн эрх чөлөө ярьдаг. Гэхдээ эдийн засгийн эрх чөлөөгөө хангаж чадахгүй бол хэвлэлийн эрх чөлөөний талаар яаж ярих вэ гэдгээс бүх асуудал эхлэх юм. Хөрөнгө оруулалт, технологийн хөгжил, өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд үндсэндээ мөнгө гарцаагүй хэрэг болдог. Энэ бол мөнгөнд дуртайдаа бус гарцаагүй шаардлага юм гэдгийг ойлгох хэрэгтэй гэдгийг илтгэлийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “2017 онд манай агентлагт 1 тэрбум 280 сая төгрөг төсөвлөсөн байна. Үүгээр бид хэрхэн ажиллах вэ. 2012 онд бид 1.14 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Энэ нь 1 сая ам.доллар юм. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд хөөцөлдөж байж төсвөө 100 сая төгрөгөөр нэмүүлсэн ч ам.долларын ханштай харьцуулахад 700 мянган ам.доллар болж буусан үзүүлэлт. Нийт төсвийнхөө 90 хувийг цалин, нийгмийн даатгалд зарцуулдаг бөгөөд үлдсэн 300 сая төгрөгөөр 110 гаруй алба хаагчтай энэхүү байгууллагын үйл ажиллагааг залгуулж байна. Гэтэл ОХУ-ын Россия сегодня агентлаг 3.6 тэрбум рублийн төсөвтэй. Энэ бол бидний өмнө тулгамдаж буй асуудал. Гэхдээ бид сөхрөөгүй.

МОНЦАМЭ агентлагийг Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар зөвхөн гадаадад мэдээллэх чиг үүрэгтэй болгосон. Энэ нь бидний дотоод зах зээлд өрсөлдөх боломжийг хуулиар хааж байгаа үйлдэл юм. Тиймээс бид хэмнэлтийн чиглэл барьж эхэлсэн. Ингэхдээ гадаадаас мэдээлэл худалдаж авах бус, агентлагуудтай мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж эхэлсэн. Төсөв, мөнгө байхгүй гээд манай хамт олон гар хумхиж суугаагүй. Өнгөрсөн жилийн судалгаагаар дэлхийн бүх цахим хуудсууд дундаас хандалтаар нь жагсаахад 93 мянгад жагссан. Тэгэхэд Россия сегодня 91 мянга, БНХАУ-ын China daily агентлаг 120 мянгад байсан. Энэ бол бидний ажлын үр дүн” хэмээв.

"www.montsame.mn" цахим хуудас анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ 150 мянган хүний хандалттай байсан бол долоон сарын дотор 8.2 саяд хүрлээ. Тэр үед Японы "ИНК", БНХАУ-ын China daily хамтран ажиллах санал тавьж байсан. Сая АСЕМ-ын хурлын дараа МОНЦАМЭ агентлагийн олон нийтийн сүлжээний хандалт 13 саяд хүрэв. Тиймээс бидэнд илүү их боломж бий. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед бид амжилтаа хадгалах нь чухал. Үүний тулд гадаад нэр хүндээ хадгалж, дотоод үйл ажиллагаагаа идэвхжүүлэх нь чухал гэдгийг А.Баатархуяг дарга онцлон тэмдэглэв.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн статус өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Засгийн газрын Тохируулагч агентлаг уу эсвэл Хэрэгжүүлэгч агентлаг юм уу гэдэг нь.

Статусаа шийдэх нь зайлшгүй тул өнөөдрийн хуралд оролцсон илтгэгчдийн илтгэлийг УИХ, Засгийн газрын гишүүдэд хүргэж танилцуулах хэрэгтэй гэдгийг нэрт нийтлэлч, эрдэмтэн, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Ч.Эрдэнэ “Үндэсний мэдээллийн агентлагийн статус” сэдэвт илтгэлийнхээ өмнө онцоллоо.

Тэрбээр, Статус гэдэг нь Төр засгийн хууль журам, эрх зүйн хүрээнд тодорхойлогдсон эрх үүргийг хэлж байгаа юм. Хуучин тогтолцооны үед  МОНЦАМЭ  БНМАУ-ын Засгийн газрын хагас албан ёсны агентлаг гэсэн статустай байсан ч 1990 он буюу шинэ тогтолцооноос хойш энэ нь тодорхой бус болсон. Гэхдээ Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгийг илэрхийлэх нэг элемент, бэлгэ тэмдэг нь Үндэсний Мэдээллийн агентлаг тул өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явсаар байна.

Үндэсний мэдээллийн агентлаг бол Тусгаар улсын зайлшгүй нэг элемент. 

Одоо харин Мэдээллийн салбарыг ойлгодог нам төрийн эрхэнд гарсан болохоор статусын асуудлыг зөв тавьж чадвал УИХ, Засгийн газар ямар нэг шийдвэр гаргах боломжтой хэмээн найдаж байна гэлээ.

Мөн тэрбээр, "Өчигдөр буюу энэ сарын 21-нд тодорхой болсон Шинэ Засгийн газрын Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид орсон 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагийн дунд МОНЦАМЭ гэсэн нэр багтаагүй байна. Гэхдээ л агентлаг 1 тэрбум гаруй төгрөгийн төсөв авч үйл ажиллагаа нь явж байгаа болохоор Засгийн газарт ямар нэгэн харьяалалтай байгааг харуулж байгаа хэрэг.  Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж байна гэж ойлгож байна. Дээр дурьдсан хагас албан ёсны статус нь Төр засаг, Агентлагт аль алинд нь ашиг тустай. Тухайлбал, төр засгийн мэдээллийн албан ёсны эх сурвалж болно. Одоо манай төр засгийнхан хувийн сонинд мөнгө төлж, материал гаргуулдаг. Уг нь тэгэх ёсгүй юм. Төр засгийн бүх мэдээлэл МОНЦАМЭ-д төвлөрдөг байх ёстой. МОНЦАМЭ агентлагийг татан буулгавал дэлхий нийт Монголыг ОХУ эсхүл БНХАУ-тай нэгдэж байна уу  л гэж ойлгогдоно шүү. Учир нь Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилж байгаа гол байгууллага. Үүний тулд л статусаа тодорхой болгох шаардлагатай” үе үеийн захирлууд хөөцөлдөж, ярьж ирсэн" гэлээ.

Хурлын хамгийн сүүлийн илтгэлийг МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд “Зөөлөн хүчний бодлого ба Мэдээллийн агентлагийн үүрэг” сэдвээр тавив.

Даяаршлын нөлөөгөөр улс орнуудын харилцан хамаарал нэмэгдэж, аливаа асуудлыг цэргийн хүч, эсвэл эдийн засгийн дарамт шахалт, татаасаар шийдвэрлэхэд маш их өртөг зардалтай болсон нь “Зөөлөн хүчний бодлого”-ыг хөгжүүлэх түлхэц болж байна. Зөөлөн хүчний Онолыг үндэслэгч АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Жозеф Най нь “Зөөлөн хүч” гэдэг нь цэрэг дайн, албадлагын хүчээр бусад оронд бодлогоо тулгадаг уламжлалт хүч түрэмгийлсэн байдлыг өөрчилж, хүссэн үр дүндээ хүрэхийн тулд бусдын зан байдал, соёлын хандлагад нь тулгуурлан нөлөөлөх аядуу бодлого” юм хэмээн тодорхойлжээ. 2015 онд гаргасан судалгаагаар Их Британи, Герман, АНУ зэрэг орон Зөөлөн хүчний бодлогын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа бол БНСУ 20, БНХАУ 30 дугаар байрт жагсаж байна. Улс орнуудын “Зөөлөн хүч” болгож ашигладаг нэг том хүч бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Ялангуяа гадаад сурталчилгаанд тухайлан зориулсан мэдээллийн агентлаг, медиа группуудыг түшиглэсэн телевизийн болон радио сувгууд, сонин, сэтгүүлүүд үүнд томоохон үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Ш.Батболд илтгэлдээ дурьдлаа.

Тэрбээр, “Сүүлийн үед уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагуудын зэрэгцээ twitter, facebook, youtube, instagram, google гэх мэт нийгмийн мэдээллийн хэрэгсэл нь “Зөөлөн хүч”-ийг сурталчлагч гол бааз суурь болоод байна. Монгол Улс бол нүүдлийн соёл, уламжлал, түүхэн баялаг замналтай, түүнийг нь дэлхий дахинаа сонирхдог. Мөн орчин үед олон улсын тавцанд нөлөөтэй байхыг  эрмэлзэж буй орон. Ийм нөхцөлд улс төр, гадаад харилцаа, олон нийтийн болон соёлын дипломат ажиллагаанд тулгуурласан “Зөөлөн хүч”-ний бодлого Монгол Улсын хувьд чухал юм. Энэ чиглэлээр Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгүүдэд тодорхой тусгасан. Монгол Улсын уламжлалт гадаад сурталчилгааны хэрэгсэл нь МОНЦАМЭ агентлаг, МҮОНР-гийн дэргэдэх “Монголын дуу хоолой” радио юм. Одоо улс орныхоо тухай гадаадад мэдээлэх үүргийг энэ хоёр байгууллага голлон үүрч явна. Тиймээс мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үүрэг их бөгөөд агентлагийн өнөөгийн статус, үүрэг зорилгыг улам тодруулж, санхүүгийн болон техник технологийн хувьд бэхжүүлэх хэрэгтэй. Мэдээллийн агентлаг нь төрийн бодлогын салшгүй нэг хэсэг, гадаад сурталчилгааны бааз суурь гэдгийг хаа хаанаа ойлголцох явдал чухал байна. Энэ нь орчин үеийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх, улмаар харах өнцөг, хандлагаа өөрчлөх боломж байх юм” хэмээв.

Хурлын төгсгөлд Монгол мессенжер сонины Ерөнхий эрхлэгч Пүрэвсамбуу, өнөөдрийн хуралд МОНЦАМЭ агентлагийн үе үеийн дарга нар оролцож, илтгэл хэлэлцүүлснийг онцлоод “Агентлагийн дарга нар үргэлж статусаа тодорхой болгохын төлөө ажиллаж эхэлсэн. Энэ тэмцэл 1990 оноос эхэлж, эдүгээг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Бид дарга нарынхаа энэхүү ажлыг үргэлжүүлж, үр дүнд хүргэх нь туйлын чухал хэмээв”

Ахмад сэтгүүлч Г.Баатарчулуун, Би энэ байгууллагад бүх насаараа ажилласан. Миний үед МОНЦАМЭ агентлаг хамгийн баттай эх сурвалж байсан. Бүх үйл явдлын дундаас үнэн бодит мэдээ, мэдээлэл авч, ард түмэнд хүргэхийн тулд цаг наргүй гүйдэг байлаа. Одоо ч энэ хэвээрээ байна гэж бодож байна. Миний бие энэ байгууллагын үүх түүхийг судалж, 50, 60, 70, 75 зэрэгт түүхт ойгоор судалгааны материалаараа нийтлэл бичдэг байсан. Хожим нь агентлагийнхаа түүхээр ном гаргаж, агентлагтаа болон номын сангууд, их сургуулиудад тараасан гэлээ. 

МОНЦАМЭ агентлагийн Ахмадын хорооны дарга, ахмад сэтгүүлч Б.Зоригт "МОНЦАМЭ агентлагийн түүхт 95 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд, “Бид бусад шиг морь уралдуулж, бөх барилдуулж ой тэмдэглэсэнгүй. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал бидний хувьд оюуны морио уралдуулсан үр дүнтэй хурал боллоо” хэмээн онцлов.

Мөн МОНЦАМЭ агентлагийн дарга асан Т.Баасансүрэн, “Энэ олон хэвлэл мэдээллийн байгууллага байхад Мэдээллийн агентлаг ямар хэрэгтэй вэ гэсэн асуулт хүн бүрт бий. Би Үүнд хоёр хариулт өгнө. Нэгдүгээрт, МОНЦАМЭ бол хамгийн баттай эх сурвалж байдаг. Г.Баатарчулуун гуай ч хэллээ. Хоёрдугаарт, ОХУ, БНХАУ, АНУ зэрэг томоохон гүрнүүд өөрсдийгөө сурталчлах шаардлагагүй. Тэднийг хүмүүс өөрсдөө сонирхоод очдог. Харин Монгол шиг жижиг улсыг хэн ч сонирхдоггүй. Тиймээс бид мэдээллийн агентлагаараа дамжуулан эх орноо өөрсдөө сурталчлах ёстой юм” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ