Тодорхой шалтгааны улмаас буцсан хүүхдийн мөнгийг энэ сард багтаан олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-20 12:23:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн мөнгөний нөхөн олголт нь тодорхой шалтгааны улмаас шилжээгүй хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сард багтаан олгоно хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахим хуудсандаа өчигдөр мэдээлжээ.


Энэ сарын 17-ны өдөр нэг сая 33 мянга 283 хүүхдийн мөнгийг шилжүүлсэн байна. Ингэхдээ өнгөрсөн оны тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголт хийгдээгүй үлдсэн байна.


Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа, “Бид Сангийн яамтайгаа хамтран ирэх долоо хоног буюу хоёрдугаар сардаа багтаан дээрх нөхөн олголтыг хийхээр боллоо. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийхээр боллоо” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Мөн И-баримтаар эсвэл И-халамж системээр хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгахыг сануулав. Иргэд мөн халамжийн хэлтэс болон банкны теллер дээр хүсэлтүүдээ бүртгүүлж болох юм байна.


ХНХ-ын сайд А.Ариунзаяа, “Эцэг эхчүүдээс гуйх нь, хүүхдийн нэр дансны зөрчилтэй гэж буцаагдаж байсан бол зөрчлүүдээ арилгана уу. И-халамжаар орж хянаж болно. Бүр болохгүй бол хэлтэс дээр очих, утсаар асуух, И-халамж цахим хуудас дээрх чатаар холбогдох зэрэг арга хэмжээ авна уу” гэжээ

Холбоотой мэдээ