Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүрт эцэг эхийн зөвлөл байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-19 23:37:00

 

Дорнод /МОНЦАМЭ/. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүрт эцэг эхийн зөвлөл байгуулна. Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл “Нэгдүгээрт хүүхэд” уриаг баримталж, олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Цаашид ч хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, спорт урлаг, хүмүүжил төлөвшил рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлыг нэгдүгээрт тавин ажиллах болно гэлээ.

Аймгийн удирдлага, холбогдох агентлаг хэлтсийн дарга нар өнөөдөр ЯХИС-ийн менежер Э.Цолмон, Эрүүл мэндийн төслийн зохицуулагч Б.Гантулга, Дорнод салбарын мэргэжилтэн Г.Ариунзаяа нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Хүүхдийг ивээх сангаас Дорнод аймагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, санал бодлоо солилцсон байна.

ЯХИС-ийн төлөөлөл орон нутагт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрт үндсэн 2 бодлогыг баримтлан ажилладаг гэдгээ тодотгоод, үр дүнг юун түрүүнд чухалчлахаас гадна хөтөлбөрүүдийг нутагшуулах боломжтой эсэхийг хардаг гэсэн юм. Уулзалтын төгсгөлд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс сум, багийн Засаг дарга нараар ахлуулсан хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багийг нэгдсэн чуулганд оролцуулах, эцэг эхийн зөвлөл байгуулж идэвхтэй ажиллуулах, хүүхдийн төлөвшлийн талаарх контентыг түгээх зэрэг хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргасан байна. 

Холбоотой мэдээ