Мал эмнэлгийн мөрдөн мөшгих тогтолцоог нэвтрүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-14 14:53:43

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар мал эмнэлгийн мөрдөн мөшгөх тогтолцоог нэвтрүүлээд байна. МЭГ-т 2021 онд орон нутгийн Хөгжлийн сангийн 139 сая төгрөгийн хөрөнгөөр мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг мөрдөн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэх, мал эмнэлгийн цахим гэрчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэхэд нэн шаардлагатай долоон нэр төрлийн 99 ширхэг багаж, тоног төхөөрөмж, 1900 ширхэг бог малын ээмэг худалдан авсан. Үүний үр дүнд мал эмнэлгийн мөрдөн мөшгих тогтолцоог 14 сумын мал эмнэлгийн тасаг, 44 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч дөрвөн аж ахуй нэгж, мал нядалгааны гурван цэг, түүхий эд бүтээгдэхүүн худалдааны 16 цэг буюу нийт 67 ААН-ийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна гэж МЭГ-аас мэдээлэв.

Мал эмнэлгийн цахим гэрчилгээний нэгдсэн систем нь хэрэглэгчийн гарт эцсийн бүтээгдэхүүн болж очих хүртэлх хугацаанд уг мал, амьтан мал эмнэлгийн ямар үйлчилгээнд хамрагдсан бүхий л түүхийг агуулж байгаа аж. Тухайлбал малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөрдөн мөшгих тогтолцоог бий болгох, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлэх, малын хулгайтай тэмцэхэд чухал ач холбогдолтой.

Холбоотой мэдээ