Филиппин улс гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа цуцлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппин улс "КОВИД-19" цар тахлаас сэргийлэх үүднээс тогтоогоод байсан гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа энэ сарын 10-наас цуцалсан талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.
Ингэснээр Филиппин Улсад визгүй зорчих хэлэлцээртэй гадаад улсын иргэд тус улсад хэвийн зорчих боломжтой болов. Монгол Улсын бүх төрлийн паспорттай иргэд Филиппин Улсад 21 хүртэл хоног визгүй зорчих хэлэлцээртэй юм.
Гэхдээ Филиппинд зорчих гадаадын иргэд коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд Филиппинд хүрэлцэн ирсний дараа 7 хоногийн хугацаанд өөрийн эрүүл мэндийн байдлыг хянаж, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах ёстой аж.
Зорчигчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Нислэгээс 48 цагийн өмнө өгсөн ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх,
- Вакцинд хамрагдаагүй хүүхдийг асран хамгаалж яваа эцэг эх, асран хамгаалагч нь вакцины бүрэн тунд заавал хамрагдсан байх,
- Коронавируст халдварын эмчилгээний зардлыг даатгасан аяллын даатгалтай (35.000 ам.доллароос дээш) байх,
- Гар утсандаа "TRAZE" аппликейшныг суулгасан байх шаардлагатай.