Хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд тусална

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-09 16:00:41

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж таван чиглэлээр нийт 97 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталжээ.

Тухайлбал, энэ жил аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн өнгөрсөн оны ажлыг үргэлжлүүлэх. Улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслах. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог илүү сайжруулах. Хил орчмын малын хулгай, бэлчээр нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг сайжруулах. Хилчдийн ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бий болгох. Хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хилчдийн хүүхдүүд хүмүүжих, ар гэр нь ажиллах боломжтой цэцэрлэгийн үйл ажиллагааг тогтмолжуулах, сайжруулах. Хилчдийг эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээнд хамруулах гэхчлэн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Ташрамд тус аймагт 2019 оноос хилийн цэргийн албан хаагчдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжтой болж гэр цэцэрлэгийн хоёр бүлэг байгуулжээ. Баянтэс сумын алслагдсан баг болох хилийн цэргийн ангийг түшиглэн байгуулсан нүүдлийн цэцэрлэгт хилийн застав болон хил орчмын нутаг дэвсгэрт амьдран сууж буй малчин өрхийн хүүхдүүд мөн хамрагдаж байна.

Холбоотой мэдээ