Эрдэнэ сум шилдэг сумаар шалгарлаа

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-07 10:19:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сум аймгийн төвөөс зүүн урагш 100 гаруй км-т оршдог төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй бөөрний өвчинд нэн сайн гэгдэх Бүрдэнийн элсэн сувиллаараа улсдаа алдартай. Тус сум 2021 оны ажил үйлсээрээ бусад сумаа манлайлж аймгийн шилдэг сум болжээ.

Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн онд амжилт бүтээл багагүй байжээ. Сүүлийн таван жил Эрдэнэ сумын мал сүрэг тогтвортой өсч өнгөрсөн онд 177 мянга 414 толгой буюу таван төрлөөр өслөө. Сумын хэмжээнд 45 мянгат малчин төрөн гарсан, малчин өрх 346 болж өссөн аж.

Мөн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд сумынхаа зорилтот иргэдийн 70 гаруй хувийг хамруулсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэсэн, сумын тохижилт бүтээн байгуулалтад анхаарч ажилласан зэрэг олон ажлыг санаачилж зохион байгуулжээ.

Тус суманд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас гамшигт тэсвэртэй орон нутаг төслийн хүрээнд малын тэжээлийн ургамал тариалах төсөл хэрэгжиж байгаа бөгөөд малчид идэвхтэй оролцож байгаа аж. Мөн Цагаан хөтөл багийн цагаан хад, Еншөөв багийн Ар гашууны ус зэрэг газрыг аймгийн тусгай хамгаалалттай газар нутагт хамруулаад байгаа юм.  Эрдэнэ сум өнгөрсөн жилүүдэд аймгийн шилдэг сумаар цөөнгүй удаа шалгарч байсан бөгөөд ард иргэд нь ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилладаг талаар албаныхан тодотгосон юм.

Холбоотой мэдээ