Нийслэлд малын өвчин бүртгэгдээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-27 09:54:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд одоогоор 17 аймгийн 106 суманд шүлхий, нэг аймгийн нэг суманд боом, нэг аймгийн 3 суманд арьс товруутах өвчин гарчээ. Харин нийслэлд малын өвчин бүртгэгдээгүй байна.


Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Өнгөрсөн 14 хоногт гал түймрийн угааржилтын бүсээс 45 иргэнийг гарган, аюулт үзэгдэл ослоос 6 иргэнийг аварсан байна. Он гарснаас хойш нийслэлд обьектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлага ирсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 16.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт” гэв.


Түүнчлэн ус мөсний халиа дош үүсэж, голын эрэг дагуу суурьшсан айл өрхүүдэд хүндрэл учирч эхэлжээ. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт халиа дош үүссэнийг нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн арилгаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 31 ажилтан албан хаагч, 4 техник хэрэгслээр 120 метр далан байгуулан, 220 метр суваг татаж урсцыг чөлөөлжээ. 

Холбоотой мэдээ