Элчин сайд Д.Гансүх Чехийн Сенатын гишүүн Ярослав Доубраватай уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2022-01-27 07:20:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх Чехийн Сенатын гишүүн Ярослав Доубраватай энэ сарын 26-нд уулзав.


Уулзалтаар Элчин сайд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдээлж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, бизнесийн хэлхээ холбоог хөгжүүлэх, ялангуяа Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг Чехийн Сенатын танхимаар дэмжүүлэхэд анхаарч ажилласанд Ярослав Доубравад талархал илэрхийлэв. Сенатын гишүүн Я.Доубрава нь 18 дахь жилдээ Сенатын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд манай улсад хэд хэдэн удаа айлчилж байсан юм.


Монгол, Чех улс Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрт 2019 оны 5 дугаар сард Прага хотноо гарын үсэг зурсан бөгөөд  УИХ энэхүү хэлэлцээрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд соёрхон баталсан. Харин Чех улсын Сенатын танхим 2019 оны 10 дугаар сарын 30-нд соёрхон батлахыг дэмжсэн. Одоо хэлэлцээрийг Чехийн Төлөөлөгчдийн танхим соёрхон баталж, тус улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Холбоотой мэдээ