Өрсөлдөх чадвараар Дорноговь аймаг тэргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймгуудын өрсөлдөх
чадварын тайлангаар энэ удаа Дорноговь аймаг хамгийн эхэнд эрэмбэлэгджээ.
Удаалаад Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 2-5 дугаарт оржээ.
Орон нутгийг өрсөлдөх чадвараар хэмждэг 4 бүлгээр задалж үзвэл:
- Эдийн засгийн үзүүлэлтээр
Орхон аймаг,
- Засаглалын үр ашгаар
Сүхбаатар аймаг,
- Бизнесийн үр ашгаар
Дархан-Уул,
- Дэд бүтцээр Дорноговь аймаг тус бүр тэргүүлжээ.
Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр мэдээлж, тайланг танилцууллаа. Тус төв нь Монгол Улсын 21 аймгийн нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, давуу болон сул тал, өөрчлөлтийг хэмжих зорилгоор "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г жил бүр гаргадаг юм.
Судалгааг ҮСХ, Монголбанк, МҮХАҮТ-ын орон нутаг дахь салбар Танхимуудын статистик болон мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгч нарын санал асуулгын эх үүсвэрээс гаргадаг аж. Судалгааны тайланг Азийн сан дэмжин ажилладаг юм.
Аймаг тус бүрээр харвал Увс, Завхан, Орхон гэсэн 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурчээ. Үлдэх 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оныхтой харьцуулахад ахижээ.