Ж.Сүхбаатар: Зөрчил, дутагдалд холбогдсон албан тушаалтан хариуцлага хүлээдэг эрх зүйн орчин бүрдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-26 16:14:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэв. 


Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар оролцов.


Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 13 удаа, Дэд хороо 1 удаа, Түр хороо 1 удаа хуралдаж, давхардсан тоогоор 349 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг мэдээллийнхээ эхэнд дуулгав.


УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль, УХИ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 7 ажлын баг байгуулан ажлын багууд 43 удаа хуралдсан бөгөөд Байнгын хорооны 10 тогтоол хэлэлцэн баталжээ.


Байнгын хорооны хуралдаанаар 316 хуулийн төсөл, УИХ-ын 14 тогтоолын төсөл хэлэлцэж, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн 10, анхны хэлэлцүүлгийн 7 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 4 танилцуулга, албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай 4 санал, дүгнэлт, тайлан, мэдээлэл 3, хууль, тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй 77 саналын томьёоллыг бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна.



Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд бие даасан 1, нэмэлт, өөрчлөлтийн 32, УИХ-ын 14 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан чухал хуулиудын нэг бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо.



УИХ-ын хяналт шалгалтын зорилго, түүнийг хэрэгжүүлэх зарчим болон асуулт тавих, асуулга тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх, төсвийн хяналт, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах зэрэг УИХ-ын хяналт шалгалтын 7 төрлийн арга хэрэгслийг нарийвчлан хуульчилжээ. Хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн хэмээн тэрбээр мэдээлсэн юм.


Түүнчлэн Байнгын, дэд хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, мөн холбогдох хуулиар зохицуулсан УИХ-д тайлагнах хууль тогтоомжийн биелэлтийн тайлан, илтгэл, мэдээллийг уялдуулан нэгтгэж, УИХ-ын хяналтын үр нөлөөг сайжруулах зорилгоор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоол гаргахаар тусгасан гэлээ.



Дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, "Хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хуримтлагдсан өгөгдлүүдийг задлан шинжилж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбар, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээг тодорхойлох зорилгоор тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг тогтмол хийж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байхаар тусгасан. Мөн холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзсэн бол хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын баталсан дүрэм, журам тухайн хуульд нийцэж байгаа эсэхэд үнэлгээ хийхээр төсөлд тусгасан нь чухал зохицуулалт болсон" гэдгийг мөн онцолсон.



Тэрбээр, "Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулж, нийтийн эрх ашгийг хөндсөн тухайн асуудлаарх үнэн, бодит мэдээллийг хуулийн хүрээнд ил болгож, иргэний мэдэх эрхийг хангана. Тодруулбал, олон улсын парламентын үйл ажиллагаанд нэгэнт жишиг болон тогтсон “investigation hearing” буюу “мөрдөн шалгах нээлттэй сонсгол хийх” замаар тухайн асуудалд холбогдох албан тушаалтан, гэрч, шинжээчийг УИХ дээр дуудаж тайлбар, мэдүүлэг авах, тусгай шинжээч, хянан шалгагч томилох замаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тухайн тодорхой асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодит мэдээллийг ард түмэнд ил тод болгох маш чухал ач холбогдолтой юм. Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэх нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй төлөөллийг хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах замаар иргэний мэдэх эрхийг бодитоор хангана" гэлээ. 


Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоол, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар талаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт чиглэл өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.


Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны 04 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын багийг байгуулан ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ