Орон нутагт шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдэв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-01-25 13:53:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл энэ оны анхдугаар хурлаа хийлээ. Хурлыг тус зөвлөлийн дарга Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан даргалсан юм.


Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл шинэчлэгдэж, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн төлөөлөл орсноороо онцлогтой.

Энэ онд орон нутагт шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Учир нь орон нутгийн Боловсрол, соёл урлагийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар болон өөрчлөгдөөд байгаа.  

Анхдугаар хурлаар шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлийн бодлого, 2022 оны хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Үндэсний зөвлөл болон Шинжлэх ухаан, технологийн сангийн 2021 оны үйл ажиллагааны тайлан, ирэх оны төлөвлөгөөг танилцууллаа.

Манай улсын хувьд ДНБ-ий 0.16 хувийг шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж буй нь хөгжингүй орнуудтай харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Иймд цаашид салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага бий. Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын гишүүн 21 орны хүрээнд хийсэн дүн шинжилгээнд судалгаа хөгжүүлэлтийн зардлыг нэг хувиар нэмэгдүүлэхэд эдийн засгийн өсөлт 0.77 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байна.

БШУЯ шинжлэх ухаан, технологийн салбарт энэ онд эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх, хүний нөөцийг чадавхжуулах, эрдэм шинжилгээний ажлыг төрөлжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажилтны нийгмийн асуудлыг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, цахим шилжилт хийх зэрэг ажлыг зорилгоо болгоод байна.


Холбоотой мэдээ