АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад Украиныг орхин явахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-24 12:34:42

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Төрийн департамент дипломат ажилтнууддаа Украин улсыг сайн дураар орхин явахыг зөвшөөрч, тус улсад буй иргэддээ яг одоо явах талаар бодож үзэхийг зөвлөжээ.


Төрийн департамент зөвлөмжөө "Оросоос цэргийн үйл ажиллагаа ямар ч үед эхэлж болзошгүй байгаа аюултай" холбон тайлбарлажээ. Үүний зэрэгцээ Элчин сайдын яам нь хэвийн ажиллана гэдгийн мэдэгдсэн байна.


Төрийн департаментын өндөр албан тушаалын төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, мөргөлдөөн гэнэт гарсан тохиолдолд "АНУ-ын засгийн газар Америкийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй" бөгөөд энэ мэдээлэлд үндэслэн Украинд байгаа америкчууд "арилжааны боломжийг ашиглан тус улсыг орхин явах зэрэг ажлаа зохих ёсоор төлөвлөх хэрэгтэй" гэжээ.


Төрийн департамент мөн “Орос-Украины хилийн дагуух хурцадмал байдал хэвээр байгаа болон “COVID-19”-ийн халдварын байдал, АНУ-ын ЭСЯ иргэддээ туслах боломж хязгаарлагдмал байгаа зэргээс шалтгаалан ОХУ-д зорчихгүй байхыг америкчуудад зөвлөжээ.


Киев дэх АНУ-ын ЭСЯ үндсэн бус ажилтнуудыг гэр бүлийн хамт Украинаас явахыг зөвшөөрөхийг Төрийн департаментаас хүссэн гэж CNN суваг урьд нь эх сурвалжаасаа эш татан мэдээлжээ. Үүний дараа “FoxNews” сувгийн сэтгүүлчдийн нэг нь твиттер хуудсандаа, Төрийн департамент нүүлгэн шилжүүлэх ажлыг нэгдүгээр сарын 24-ний даваа гарагт эхлүүлэхийг зөвшөөрсөн гэж бичжээ. Харин Төрийн департамент тухайн үед энэ мэдээллийг батлаагүй байна.


Барууны орнууд Украины эргэн тойрны нөхцөл байдалд хэд хэдэн томоохон өдөөн хатгалга бэлтгэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова ням гарагт анхааруулжээ. Эдгээр нь мэдээллийн болон цэргийн шинжтэй байж болзошгүйг Москва үгүйсгээгүй байна.


Холбоотой мэдээ