БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-21 16:08:45

ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ тэргүүтэй найман орон БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг тус зөвлөлийн бүх гишүүнд пүрэв гарагт уриалжээ. 


Энэ он гарсаар наад зах нь дөрвөн удаа пуужин харвасных нь хариуд БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах АНУ-ын саналыг БНХАУ түдгэлзүүлсний дараа дээрх уриалгыг гаргасан байна.


“Бид мөн Аюулгүйн Зөвлөлийн санал нэгтэйгээр баталсан, БНАСАУ-д үй олноор хөнөөх зэвсгүүд, баллистик пуужингийн хөтөлбөрөөсөө бүрэн, баталгаатай, эргэлт буцалтгүйгээр татгалзахыг уриалсан Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг дагаж мөрдөхийг бүх гишүүн оронд уриалж байна” гэж НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Линда Томас-Гринфилдийн танилцуулсан хамтарсан мэдэгдэлд дурджээ.


Энэхүү мэдэгдлийг Албани, Бразил, Их Британи, Франц, Ирланд, Япон, АНЭУ-ын эрх баригчид хамтран гаргажээ.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь АНУ-ын саналын дагуу БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах талаар пүрэв гарагт хаалттай хуралдахаар товлоод байсан юм. Харин Аюулгүйн Зөвлөлийн хориг тавих эрхтэй байнгын таван гишүүний нэг БНХАУ АНУ-ын саналыг түдгэлзүүлсэн гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.


“Бид бүс нутгийн төдийгүй олон улсын энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулсан БНАСАУ-ын үйлдлүүдийн эсрэг дуу хоолойгоо өргөсөөр байх болно” гэж АНУ болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний долоогийнх нь хамтран гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Пүрэв гарагт БНАСАУ “түр хугацаагаар зогсоогоод байсан үйл ажиллагаагаа” сэргээх талаар тунгаана гэдгээ мэдэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд үүнийг цөмийн болон алсын зайн тусгалт пуужингийн туршилтаа үргэлжлүүлэхтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ