Ж.Баттөгс: Аливаа зүйлийг хийж гүйцэтгэхэд суурь ухагдахуун, эхлэл зөв байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-20 22:02:26

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, саалийн үнээний Кластер фермийг санаачлагч хөгжүүлэгч Ж.Баттөгстэй ярилцлаа.


-Жадамба овогтой Баттөгс гэж хүнийг Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Барилга захиалагч орон сууцны корпорацийн захирал, эрчимжсэн мал аж ахуйг дэмжигч нэгнээр нь аймаг орон нутгийнхан мэддэг. Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулбал?

-Намайг Жадамба овогтой Баттөгс гэдэг. Төв аймгийн Баян суманд төрж өсөн, сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг дүүргээд 9,10-р ангидаа аймгийн төвийн Хүмүүн цогцолбор сургуульд суралцаж, 1990 онд төгссөн. Зах зээлийн үед шилжсэн хөдөлгөөн ихтэй, иргэн бүр үймэлдэж явсан үе шүү дээ. Энэ үеэр бизнес эрхэлж байгаад ӨМӨЗО-ны Худалдааны сургуульд “Бараа судлал” мэргэжлээр суралцан төгссөн. Монголдоо ирээд Улаанбаатарын их сургуульд санхүүч мэргэжлээр сурч, Удирдлагын академи, Япон-Монгол улсын хамтарсан Япон төвийн сургалтад сууж мэргэжлээ дээшлүүлсэн. Төв аймгийн Барилга захиалагч орон сууцны корпорацийн захирлаар нэг жил ажиллаж байна. Манайх гэдэг айл 10 хүүхэдтэй өнөр бүл, би өөрөө 7 дахь хүү нь нэг эгч, нэг охин дүүтэй бусад нь эрчүүд байдаг.

-Таны амьдралдаа баримталж явдаг зарчим?

- Тууштай байх. Эхэлсэн  ажлаа дуусгах, эцсийн үр дүнг үзэхийг мөрдлөг болгодог.

-Та зорьж мөрөөдсөн ажил амьдралаараа амьдарч байгаа юу? Хэрэв тийм бол үүнд хүрэхийн тулд өөрт тавьж байсан шалгуураасаа хуваалцвал?

- Зорьж тэмүүлсэн амьдралаараа амьдарч байгаа гэж боддог. Би багаасаа л хөдөө аж ахуйн салбарт дуртай хүүхэд байж билээ. Монгол улсад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцож яваа нь би мөрөөдлийнхөө хэсгийг биелүүлээд явж байгаа гэж ойлгодог. Хөдөө аж ахуй тэр дундаа үхрийн эрчимжсэн мал аж ахуй нь урт хугацаанд үр өгөөжөө өгдөг, мэдээж бэрхшээлтэй. Гэвч бид шантрахгүй байх хэрэгтэй.

-Өөртөө болон гэр бүлдээ та хэр цаг гаргадаг вэ? Сонирхож хийдэг хэвшил болсон зүйлс байгаа юу?

-Өөртөө болон гэр бүлдээ цаг зав гаргана. Би нэлээн сүүлд гэр бүлтэй болсон бид хоёр гурван хүүтэй. Гэр бүлтэйгээ амралтын өдрүүдээр ажлын өдрүүдэд өөрсдийгөө хэт ачааллаас чөлөөлөхийн тулд бууз, баншаа чимхэж, шарах, хуурах мах, гурилаа бэлдэн өнгөрүүлдэг. Тэмдэглэлт баяр ёслолоор гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна, улирлын чанартай амралт зугаалгыг ч зохион байгуулдаг. Миний хувьд гадны улс орноор аялж хөдөө аж ахуйн талаар нэвтрүүлэг бэлтгэх сонирхолтой, сувинерэн үхэр цуглуулах сонирхолтой.


Цуглуулгад минь Унгар улсын саарал үхэр, Герман, Канад, Америк, Голланд улсын хар тарлан үхэр, Швейцар, Япон, Хятад улсын шар үхэр, Испани улсын шоунд ашигладаг хар үхэр, Техас мужийн шорт хорн гээд дэлхийн хамгийн урт эвэртэй үхэр, Турк, Польш улсын үхрүүд зэрэг олон улсын үхрийн сувинер цуглуулгатай.

Мөн миний найз нөхөд, хамтран ажиллагсад тансаг зэрэглэлийн үхэр бэлэглэж байлаа. Үүнээс хамгийн жижиг үхэр болох энгэрт зүүдэг үхрийг ажлын хамтрагч эгч минь бэлэглэж байсан гээд сайхан цуглуулгууд их бий. Мөн би өөрөө баярлаж талархсан хүндээ үхэр бэлэглэх дуртай. Хөдөө аж ахуй тэр дундаа үхрийн холбогдолтой ном, түүхийн ном цуглуулах сонирхолтой. Спортын төрлөөс гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, тэшүүрээр хичээллэдэг.

-Таны хувьд эрчимжсэн мал ахуй тэр дундаа сүүний кластерийг Төв аймагт хөгжүүлэхэд гар бие оролцож яваа хүн. Энэхүү аж ахуйн онцлог чанар юу вэ? 

-Эрчимжсэн мал аж ахуй бол миний хобби. Монгол Улсын хэмжээнд өвлийн улиралд сүү, сүүн бүтээгдэхүүний дутагдалд орох эрсдэл бий болдог. Олон үйлдвэрүүд байдаг ч түүхий эдийн дутагдалд ордог улирал бий. Манай улсын нийт хүүхдийн 90 хувь нь шүдний өвчлөлтэй байдаг. Хүүхдүүдийн шүдийг эрүүл байлгах энэхүү ариун үйлсэд гар бие оролцоод явж байгаадаа их баяртай байдаг.

Одоогоор сүүний кластер фермийн төсөл Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын голд, Жирмийн цагаан нуур, Хүй 7 худагт байрлах фермерүүдэд хэрэгжиж байна.

Монголын анхны сүүний кластер ферм бий болгох ажил 2018 оны 6-р сараас эхлэн 2018 оны 8-р сарын 24-ний өдөр нээлтээ хийж, дээрх хоёр төсөлд тус бүр 40 саалийн үнээтэй 10  өрх нийт 400 үнээтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

ХААН банк болон сүү, сүүн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч АПУ Дэйри ХХК хамтран энэхүү фермер өрхүүдийг нэгтгэн олон улсын жишигт нийцсэн загвар фермийн төслийг урт хугацаанд хэрэгжүүлэхээр болсон нь бодит ажил юм.

Фермийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад ХААН банкнаас хөнгөлөлттэй нөхцөл бүхий жижиг дунд бизнесийг дэмжих зээл олгон хамтарч байгаа бол АПУ Дэйри ХХК фермээс бэлтгэгдсэн сүүг тогтвортой үнээр жилийн 4 улирал худалдан авч боловсруулан хэрэглэгчдэд хүргэх, Нүүдэлчин Агро Ферм ХХК нь хөдөө аж ахуйн мэргэжилтэн, бэлтгэн нийлүүлэгчдийг нэгтгэх замаар өртгийн сүлжээг бий болгон хөгжүүлэхээр ийнхүү зорилгоо нэгтгэсэн байдаг.

Фермерүүд төвлөрсөн хотын хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр тогтмол хангахад ихээхэн үүрэг хүлээдэг бас ч тэдний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа гэж бодож явдаг.  Эрчимжсэн аж ахуй эрхлэгчдээ улс, аймгаас хөнгөлөлт үзүүлж, аж ахуй эрхлэгч нарт бага хүүтэй зээл олгох, зарим тоног төхөөрөмжөөр хангах, газрын асуудлыг нь шийдэж өгөх гэх зэрэг асуудлыг бодлогоор дэмжиж өгвөл зүгээр байдаг.

Үхрийн аж ахуй нь гарааны хөрөнгө оруулалт их шаарддаг их хэмжээний мөнгө яригдаж урт хугацааны дараа үр шимээ өгч эхэлдэг учраас дөнгөж эхлэлээ тавьж буй хүмүүст нэлээд хүндрэлтэй байдаг. БНХАУ-д өдөр бүр хүүхдэдээ сүү өгдөг гэтэл яагаад Монгол Улсын хүүхдүүд эко сүүгээ өдөр бүр ууж болохгүй гэж гэсэн бодолтойгоор өөрсдийгөө цэнэглэдэг дээ. Миний жижиг  ферм  40 үхэртэй, “АПУ Дэйри” ХХК-д сүү нийлүүлдэг, Бид эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт тоног төхөөрөмжийн тусламж, сургалт үйлчилгээ, зөвлөгөө явуулдаг. Олон улсын хөдөө аж ахуйн салбартай танилцаж явахад Франц, Турк, Унгар улсын загвар их зүгээр санагдсан. Нэг айлыг 20-30 га газартай болгоод 20-40 үхэр тэжээгээд өрхийн фермийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд л улс орны хөгжилд маш их түлхэц болох юм билээ.

Аливаа зүйлийг хийж гүйцэтгэхэд суурь ухагдахуун, суурь эхлэл зөв байх ёстой. Жижигхэн ажлыг ч жижиг гэж орхигдуулахгүйгээр арвич хямгач байдлыг амьдралдаа хэвшил болговол зүгээр санагддаг. Жишээлбэл нэг ширхэг хадаас ч сугарсан байсан хадчихдаг, газар хэвтэж байвал аваад далд хийчихдэг, нэг ширхэг будаа ч байсан үхрийнхээ аманд хийчихдэг байх чухал. Иймд аж ахуйч, арвич хямгач, цагийн юмыг цагт нь хийж чадвал тэгээд л аяндаа бүх зүйл сайхан болно доо. Зөвхөн өнөөдөртөө биш урт хугацаандаа алсыг хардаг байх хэрэгтэй. Нэгэн үеийнхэн эхлүүлж, хөгжүүлж, нэгэн үеийнхэн үр жимсийг нь түүдэг гэдэг.  Хөдөө аж ахуйн салбар тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй бол хүний амьдралын нэгэн үеэр яригддаг хэд, хэдэн үеэрээ үр хүүхдэдээ уламжлаад хөгжүүлж явдаг онцлогтой л доо. 


-Төлөөлөгчөөр та хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ? Төлөөлөгчийн ажилд хэр их цаг зарцуулдаг вэ? Баян сумын иргэдээс танд санал хүсэлтээ нэлээн илгээдэг байх эдгээрээс биелэлээ олсон ажлаасаа онцолбол?

-Төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож нийт 6 дахь жилдээ ажиллаж байна. Баян сумын иргэдийнхээ санал хүсэлтийг сонсоно. Баяр ёслол, тэмдэглэлт ой зэргээс гадна ард иргэдийнхээ нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн үзлэг оношилгоог боломжоороо зохион байгуулдаг.

Мөн Ротари клуб болон сайн дурын байгууллагуудтай хамтран сум орон нутагтаа ажилладаг. Орон нутгийн төсөл хөтөлбөр, шаардлагатай хөрөнгийг татах, шийдвэрлэх асуудлууд бий. Баян сумын хувьд зочид буудлын зориулалттай барилгыг эмнэлгийн байр болгон ашигладаг. цаашид стандарт эмнэлэгтэй болох тал дээр нэлээд санаачилга гарган ажиллаж байгаа зураг төсвийг боловсруулах шатандаа явж байна .

Сумын төв дотроо 2км засмал зам тавих ажил, сургуулийн өмнөх боловсролд анхаарч 50 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга барих, шинэ спорт заалтай болох зэрэг ажлууд шат дараатайгаар явж байна. Цаашид бид сумынхаа соёлын төвийг бүрэн шинэчлэх бодолтой байна. Миний хувьдаа бодож явдаг нэг бодол бол шинэ залуу ажилтан алба хаагчдыг дэмжиж, шинэ залуу боловсон хүчнийг сумандаа олноор ирж ажиллаасай гэж бодож явдаг. Өнгөрсөн орон нутгийн сонгуульд ч ИТХ-д 2 ахмад ажилтан төлөөлөгч, 19 шижигнэсэн залуус сонгогдож сум орон нутгийнхаа төлөө ажиллаж байна. Баян сум уул уурхай ихтэй тул нутгийн иргэд нутаг орноо тусгай хамгаалалтад оруулах хүсэлтийг байнга тавьж байдаг, миний бие 6,7 жил холбогдох бүхий л шатны хүмүүст уламжилсаны эцэст энэ жилээс Баян сумын газар нутгийг тусгай хамгаалалтад авсан. Ингэснээр цаашид уул уурхайн лиценз дахин олгогдохгүй бэлчээр хамгаалах тусгай хамгаалалттай болсон гэж ойлгож болно.

-Төв аймгийн Баян сумын онцлог юу вэ? Нутгийн брэндээ танилцуулбал?

-Баян сум өөрөө их онцлог тал хээрийн сум юм. Богдхан уулын энгэрт байрлалтай манай сумыг Энгэрийн сум гэж ярих нь ч элбэг. Элэгний рашаан, Нарангийн рашаан, Бөөрний рашаан, үе мөчний өвчнийг анагаах хүчтэй Цанатын шавар гэх мэт ариун рашаан ус элбэг. Мөн шохойн чулуу, нүүрс элбэг учраас бидний брэнд гэж хэлж болно. Нүүрсний ордууд элбэг байдаг учраас цахилгаан станц барих байх гэж итгэж явдаг. Ихэнх том яруу найрагчид манай сумаас төрөн гарсан байдаг. Шаравын Сүрэнжав, Шагдарын Дулмаа, дуучин Сарантуяа гэх мэт алдартнууд бий. Мөн хурдан морьдын өлгий нутаг. Падын Хүрэн, Шийтэрийн Засаг төрийн Зандан ширээ азарга, сувдан зээр, сүмбэн зээр, цоглог зээр азарга байна. Их нас гэхэд Дөлгөөн Хонгор гэх мэт соёолон, шүдлэн, дааганаас дурдаад барахгүй их хурдан удмын адуутай нутаг даа.

-Залуусын амьдралдаа мөрдлөг болгох чухал зүйлсийг өөрийн туршлагатай хослуулан зөвлөвөл?

-Суурь нь дөнгөж тавигдаж байхад шантрах залуус их олон. Байшин барихтай л харьцуулахад чанартай барилгыг барихад сууриа маш сайн цутгадаг бас хүлээдэг. Нэг л өдөр босоод ирэхэд таны хүссэн байшин сүндэрлэдэггүй шиг бүх зүйлс цаг хугацаатай. Зогсолтгүй тоосгоо өрсөөр л байвал таны хүссэн байшин цаг хугацааны эрхээр бий болох л болно. Үүн шиг залуус минь хийж байгаа зүйлээ огтхон ч зогсоож болохгүй. Дуртай зүйлээ ол, тэгснийхээ дараа дуртай зүйлээ бизнес болгож чадвал та аз жаргалтай амьдарч чадна. Дуртай зүйлийнхээ төлөө мэдээлэлтэй, мэдлэгтэй бай, тэгж байж илүү олон гарц, гаргалгаа, боломжийг олох болно. Хийж байгаа зүйлийнхээ төлөө, цуцашгүй, ухаршгүй, тогтвортой байж чадвал та амжилтад хүрч чадна гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ