Улаан бүсэд 2112 цаг ажилласан үйлчлэгчийг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-25 11:53:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тохиолдол Баянхонгор аймагт анх бүртгэгдсэнээс хойш улаан бүсэд хамгийн олон удаа ажилласан үйлчлэгч Т.Оюунчимэгийг урамшууллаа.

Түүнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэг сая төгрөг, эрүүл мэндийн салбарын "Шилдэг зүтгэлтэн" өргөмжлөлийг Засаг дарга Д.Мөнхсайхан гардуулсан юм.

Халдварт сүрьеэгийн тасгийн үйлчлэгч Т.Оюунчимэг “Улаан бүс”-д 14 удаа орж, нийт 2112 цаг ажиллахдаа хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухыг хангаж өрөө тасалгаанд цэвэр агаар, цэвэр орчныг бүрдүүлж цэвэрлэхээс гадна эмч, сувилагч нарын ачааллаас хуваалцаж халдвар авсан хүнийг гаднаас тасагт хэвтүүлэх, эм тариа зөөвөрлөх, эргэлтийг зохицуулах, өрөө тасалгааны халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зэргээр үүргээ амжилттай биелүүлсэн байна. 

Т.Оюунчимэг Нэгдсэн эмнэлэгт 10 шахам жил ажиллаж байгаа бөгөөд 2021 онд ХӨСҮТ-өөс зохион байгуулсан “Коронавируст халдварын үед ажиллах ариутгагч бэлтгэх” сургалтад хамрагдаж, хэвтүүлэн эмчлэх тасгийн бүтэц үйл ажиллагаа, ногоон, шар, улаан бүсэд ажиллах журам, халдварын сэргийлэлт хяналтын талаар мэдлэгээ нэмэхийн зэрэгцээ шуурхай хариу арга хэмжээний багт ажиллах ур чадварыг эзэмшжээ.

Холбоотой мэдээ