“COVID-19”-өөр өвчилсөн тохиолдлын өсөлт өмнөх долоо хоногийнхоос саарчээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2022-01-20 11:52:56

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-өөр халдварласан 18 сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 20 хувиар өслөө гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын долоо хоног тутмын тайланд мэдээлэв.


Энэ сарын 11-нд танилцуулсан өмнөх тайланд халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 55 хувиар өссөн гэж мэдээлж байсан юм.


“Хэдийгээр халдварын тохиолдлын өсөлт дэлхийн хэмжээнд саарч байгаа ч нэгдүгээр сарын 11-16-нд Африкаас бусад бүс нутагт өвчлөл өмнөх долоо хоногийнхоос өссөн. Африкийн хувьд энэ үзүүлэлт 27 хувиар буурсан” гэж ДЭМБ-аас хамгийн сүүлд танилцуулсан тайланд дурджээ.


Тодруулбал, Зүүн-Өмнөд Азийн бүс нутагт өвчлөл хамгийн ихээр буюу 145 хувиар өссөн бол түүний араас Газар дундын тэнгисийн зүүн бүс /68 хувь/, Номхон далайн баруун бүс /38 хувь/, Америкийн бүс /17 хувь/, Европын бүс /10 хувь/ тус тус жагссан байна.


Мөн дэлхийн улс орнуудаас АНУ-д хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн бол Франц, Энэтхэг, Итали, Их Британи удаалжээ. Нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын 323 сая гаруй тохиолдол батлагдсан байна.


Харин өнгөрсөн долоо хоногт халдварын улмаас нас барсан 45 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхтой ойролцоо үзүүлэлт болжээ. Түүнээс Зүүн-Өмнөд Азийн бүс, Америкийн бүсэд халдвараар нас барсан тохиолдлын тоо 12, 7 хувиар тус тус нэмэгдсэн бол бусад бүс нутагт өмнөх долоо хоногийнхтой ойролцоо байжээ. Дэлхий даяар нэгдүгээр сарын 16-ны байдлаар 5.5 сая гаруй хүн халдвараар нас барсан байна. 

Холбоотой мэдээ