Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ УИХ-д тангараг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-18 19:31:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тангаргаа өргөлөө.


Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан байдаг. Энэ дагуу БОАЖ-ын сайд Н.Уртнасанг огцруулж, оронд нь Б.Бат-Эрдэнийг томилохоор болсныг Ерөнхий сайд УИХ-д өнөөдөр танилцуулсан. Үүний дараа Б.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайдаар томилох захирамжид тэрээр гарын үсэг зурсан юм. 


Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн УИХ-д тангараг өргөв. 


Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд төрсөн. 1996 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 Улаанбаатар их сургуулийг төгссөн. Түүх судлаач, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, түүхийн ухааны магистр цолтой аж. 2003-2017 онд “Силк Роад”, “Эйр Тиккет” компанийн Ерөнхий захирал, 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх, 2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн 2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга, 2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2017-2018, 2019-2020 онд Эрдэнэт хотын Хөгжил, бодлого, судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллажээ. 2020 оноос ШӨХТГ-ын даргаар ажиллаж байв.


Ташрамд дурдахад, БОАЖ-ын сайд Н.Уртнасан агаар орчны бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй зарим бодлогоор тодорхой үр дүн гаргаагүй, Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийг хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас нь огцруулахаар болсон юм.

Холбоотой мэдээ