Япон дууг хэн сайн дуулах вэ? тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-18 13:23:42

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг, Японы Шизүока мужтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан “Япон дууг хэн сайн дуулах вэ?” уралдааныг аймгийн ЗДТГ болон “Саран Хөхөө” театр хамтран хоёр насны ангиллаар зохион байгууллаа.

Говь нутгийн хүүхэд, залуучуудын дуу хөгжмийн боловсролыг дэмжих, япон хэл сурах идэвх санаачилгыг өрнүүлэх, япон орны соёл, урлагийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой  уралдаанд аймаг, сумын 10 сургуулийн төлөөлөл болсон оюутан сурагчид оролцсон аж.

Уралдааны дунд насны ангилалд тэргүүн байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн сурагч Г.Цэлмэг, дэд байрт Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагч Д.Мөнгөншүр, гутгаар байрт Иххэт сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н.Энэрэл шалгарсан бол тусгай байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн Н.Энхмягмар  тус тус шалгарлаа.

Ахлах насны ангилалд, тэргүүн байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн О.Сүглэгмаа, дэд байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Т.Тунгалагтамир, гутгаар байрт АШУҮИС-ийн салбар сургуулийн оюутан Ч.Батчимэг, тусгай байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн Т.Намуунаа нар тус тус шалгарчээ.

Ташрамд дурдахад Монгол Улсын Дорноговь аймаг, Японы Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд олон хүүхэд япон хэл сурч Япон болон гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа аж.

Холбоотой мэдээ