Орос - Монголын хамтарсан сансрын нислэгт зориулан 100 гр жинтэй хивс нэхэж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-16 17:18:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. СОЮЗ-39 сансрын хөлгийн бүхээгт зориулан 100 грамм жинтэй хивс урлаж байжээ.

ЗХУ болон БНМАУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчааг сансарт нисэхэд СОЮЗ-39 хөлгийн бүхээгт зориулан 100 грамм жинтэй хивс нэхэж байсан, зохион бүтээгч Д.Чойжилжав өдгөө 80 насыг шүргэж байна. Тэрээр Ардын зураач Б.Гомбосүрэнгийн зурсан, хамтарсан нислэгийн эмблем лого бүхий 20x30 харьцаатай хивсийг 14 хоногийн турш нууц байдалд нэхэж байжээ.

Д.Чойжилжав 1969 онд Москвагийн Калины нэрэмжит Үйлдвэрлэл зураг урлалын сургуулийг хивсний зураг зохион бүтээгчээр төгссөн байна.

Тэрээр Чингис хивсний зургаас эхлээд та бидний сайн мэдэх Өргөө, Аргаль, Найман тахилт, Өгөөж, Хангал, Атар, Долгио зэрэг олон хивсний зургийг гаргаж байжээ. Мөн Маршал Ю.Цэдэнбалтай хэд, хэдэн удаа уулзаж төрийн захиалгаар хөрөг хивсийг анх удаа нэхсэн гэдэг. Тодруулбал, Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд П.Дамдин нэг удаа түүнд жанжин Д.Сүхбаатарын хөргийг хивсэн дээр урлах даалгавар өгчээ. Үүний дагуу Маршал Ю.Цэдэнбалтай уулзаж гэрт нь зочилж байсан аж. Энэ үед түүний эхнэр Анастасия Филатова гэртээ хивс нэхэж өгөхийг гуйсан гэдэг. Үүний дараа Хуримын ордондоо бас нэг хивс нэхэж өгөхийг хүсч үүнийг нь цаг хугацаанд нь гүйцэтгэж өгсөн тухай Д.Чойжилжав гуай дурсан ярьсан юм.

Ингээд 1982 онд Д.Чойжилжав Хөнгөн үйлдвэрийн яамны томилолтоор Эрдэнэтийн хивсний үйлдвэрт зураачаар ажиллаж энэ хугацаандаа 50 гаруй хивсний хээ загвар зохион бүтээсний 46 нь үйлдвэрлэлд нэвтэрч, 6 нь чанарын алтан медаль хүртэж байсан түүхтэй. Тэрээр 1990-ээд оны үед Амарбаясгалант хийдийг зорьж тэнд хийдийн сэргээн засах ажилд оролцон, лам нарын олбог, жавдан оёхоос гадна нярав хийж байжээ. Өдгөө 80 насыг шүргэж байгаа Д.Чойжилжав гуай  Сэлэнгэ аймагт амьдарч байна.  






 

 

Холбоотой мэдээ