Зүүн Өмнөд Азийн орнууд уян хатан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-17 08:22:25

ЖАКАРТА /163.com/. Коронавирусний омикрон хувилбарын тархалт сүүлийн өдрүүдэд дэлхий даяар огцом нэмэгдсээр байна. Энэ цаг үед Зүүн Өмнөд Азийн /ЗӨА/ орнууд уян хатан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн, аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр цар тахлын давалгааг давж гарна хэмээн найдаж байна. 


Индонезийн Засгийн газрын зүгээс лхагва гарагаас эхлэн орон нутгийн иргэдэд нэмэлт тунг үнэгүй төлбөргүй хийж эхлэжээ. 


Харин Филиппиний нийслэл Манила хотод лхагва гарагаас эхлэн вакцин хийлгээгүй хүмүүсийг нийтийн тээврээр зорчихыг хориглосон байна. 


Индонези улсад омикрон хувилбарын коронавирус хурдацтай тархаж, халдварын тохиолдлын тоо огцом өссөн хэмээн Ройтерс агентлаг мэдээлэв. Тодруулбал, мягмар гарагт тус улсад 802 шинэ тохиолдол батлагдсан нь сүүлийн гурван сарын хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Түүнээс гадны эрх баригчид цар тахлын оргил үе хоёрдугаар сард тохионо гэж тооцоолж байгаа аж. 


Тайванийн төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Индонези улсын Хүнс, эмийн бүтээгдэхүүний удирдлагын газар “Sinopharma”, “Pfizer”, “Astra Zeneca”, “Moderna”, "China Zhifei Bio" зэрэг таван эмийн үйлдвэрийн вакциныг нэмэлт тунгаар хэрэглэх зөвшөөрөл олгожээ. 


Индонези улс 270 сая хүн амынхаа 208 сая гаруйг нь вакцинд хамруулах төлөвлөгөөтэй байгаа ч зорилтот хүн амын 56 хүрэхгүй хувь нь хоёр тун вакцинд хамрагдаад байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 4.2 саяд хүрсэн байна. 


Филиппинийн “Rappler” хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлснээр, тус улсад сүүлийн үед шинэ тохиолдлууд огцом нэмэгдсэн буюу даваа гаригт 33 мянга гаруй, лхагва гаригт 32 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал гарсан цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 3 саяд, нас баралт 52600-д хүрээд байна.

Холбоотой мэдээ