Хүний эрхийг хүндэтгэхийг Туркэд уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /ВВС/. Туркэд цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогыг Европын Холбооны /ЕХ/ гишүүн улсуудын Гадаад хэргийн сайд нар зэмлэн буруушаахын зэрэгцээ цэргийн эргэлт хийхээр оролдсон хүмүүстэй харьцахдаа хүний эрхийг хүндэтгэхийг тус улсад уриаллаа.
Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотод хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Цэргийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт сэжиглэн Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн 7500 гаруй хүн, тэдний дотор армийн албан хаагчид болон шүүхийн ажилтнуудыг баривчлаад байгаа юм.
Цаашид хүчирхийлэл болохоос урьдчилан сэргийлж, хэв журмыг сэргээн тогтоохын тулд хүний эрхийг хүндэтгэж, шүүх хурлыг шударгаар явуулахыг Туркийн эрх баригчдад хандан ЕХ уриалжээ.
ЕХ-ны Гадаа бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч Федерика Могерини хэлэхдээ “Турк бол ЕХ-ны стратегийн түншүүдийн нэг. Хэрвээ Турк улс цаазын ялыг сэргээвэл ЕХ-нд нэгдэх боломжгүй” гэж анхааруулсан байна.
Европ руу цувж буй дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ЕХ Турк улстай хамтран ажиллах хэрэгтэй байгаа юм. Мөн талууд терроризмоос урьдчилан сэргийлэхийн тулд мэдээлэл солилцсоор ирсэн билээ.
Г.Доржханд