Польшийн Ерөнхийлөгч коронавирусээр дахин халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-01-06 09:16:24

ВАРШАВ. /AP/. Польшийн Ерөнхийлөгч Анджей Дудагийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан ч хүнд шинж тэмдэг илрээгүй байгаа талаар түүний туслах лхагва гарагт мэдэгджээ.


Ерөнхийлөгчийн туслах Павел Шрот “Twitter” хуудсандаа, А.Дуда эмнэлгийн хяналтад байгаа ч биеийн байдал нь сайн байна гэж мэдээлсэн байна.


Өдгөө 49 настай А.Дуда “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан бөгөөд өнгөрсөн сард нэмэлт тунг тариулжээ. Харин энэ долоо хоногт төрийн тэргүүний ажлын албаны хэд хэдэн ажилтнаас халдвар илэрсэн байна.


А.Дуда 2020 оны 10 дугаар сард коронавирусээр халдварлаж байсан бөгөөд тухайн үед түүнийг хүндээр өвчлөөгүй гэж мэдээлж байсан юм.


Польшт лхагва гарагт COVID-19” халдварын 17 мянга гаруй тохиолдол илэрч, 630 хүн халдвараар нас баржээ. Ингэснээр 38 сая хүн амтай тус улсад цар тахал дэгдсэнээс хойш дөрвөн сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 99 мянга орчим хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ