Энэ жилийн “Спортлог зөв хүүхэд”-ээр Б.Төгсбаясгалан тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-30 14:51:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн оны тэргүүний хүүхэд, гэр бүл, хүүхдийн оролцооны байгууллагууд шалгарлаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Аймгийн оны тэргүүний хүүхэд, тэргүүний хүүхдийн оролцооны байгууллага, гэр бүлийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа болж шагналыг аймгийн Засаг дарга, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Түвшинжаргал гардууллаа. 2021 оны сурлагын амжилт төрөлд “Оюунлаг зөв Хүүхэд”-ээр Улиастай сумын лаборатори “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 12а ангийн суралцагч Отгонбаатарын Уянга шалгарлаа. Тэрээр ”Тэтгэлэгт сорилго-2021” улсын уралдаанд ажилттай оролцож, 100 хувийн тэтгэлэг хүртсэн амжилтаар Завхан аймгийн “Оюунлаг-Зөв хүүхэд”-ээр шалгарчээ.

Мөн урлаг, уран бүтээл төрөлд “Авьяаслаг-Зөв Хүүхэд”-ээр Завхан аймгийн Дэвшил сургуулийн 12в ангийн суралцагч Дэлгэрдалайн Төгсжаргал шалгарлаа. Тэрээр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Жамъянгийн нэрэмжит Баруун таван аймгийн дуучдын уралдаанд 3-р байр эзэлсэн байна. Харин биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил төрөлд “Спортлог-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 9б ангийн суралцагч Баянмөнхийн Төгсбаясгалан тодорлоо.

Б.Төгсбаясгалан нь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр, Баруун бүсийн аварга шалгаруулах цахим тэмцээнээс тэргүүн байр, улсын хэмжээнд чансаагаараа 34-р байрт жагсаж буй суралцагч юм. Мөн “Спортлог-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын Дэвшил сургуулийн 12б ангийн суралцагч Батжаргалын Хонгорзул шалгарлаа. Тэрээр 2020 онд өсвөрийн таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр, 2021 онд хангайн бүсийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байрт шалгарсан амжилт үзүүлсэн байна. Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд “Соёлын өвийг тээгч-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын Дэвшил сургуулийн 12а ангийн суралцагч Дэлэгсамбуугийн Шааравжамц шалгарлаа. Д.Шааравжамц нь ”Хууртай монгол” олон улсын онлайн фестивальд гоцлол хөгжмийн төрөлд шилдэг оролцогч, 2019 оны өсвөрийн “морин хуурч” 7-р уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилтаар шалгарсан байна.

Шударга үйлстэн-зөв хүүхдээр суралцагч Г.Чулуунцэцэг тодров

Завхан аймгийн хэмжээнд сум бүрт хүүхдийн оролцооны байгууллага бий. Энэ жилийн шилдэг, хүүхдийн оролцооны байгууллагууд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлсэн олон талын үйл ажиллагааг амжилттай явуулжээ.

Тухайлбал, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага “Тэргүүний идэвхтэн-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын лаборатори “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 12в ангийн суралцагч Ганзаяагийн Энхжин тодорлоо. Тэрээр олон нийтийн үйл хэрэгт хүүхдийн өргөн оролцоог бүрдүүлэх. Үе тэнгийнхэндээ эерэг дадал хэвшлийг ухуулан таниулах, тэднийг татан оролцуулах, сайн дурын үйл ажиллагаанд манлайлан оролцдог шилдэг суралцагч юм. Харин бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа төрөлд “Бүтээлч-Зөв хүүхэд”-ээр Гүнширийн Хатанбаатар шалгарлаа. Г.Хатанбаатар нь 2021 оны “Монгол ур чадвар” улсын уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлжээ.

Мөн хүмүүнлэг энэрэнгүй үйлс, шударга үйлстэн-зөв хүүхдээр Улиастай сумын 12а ангийн суралцагч Ганзориг Чулуунцэцэг тодорлоо. Тэрээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд багачуудад туслах сайн үйлийг жил бүр санаачлан хэрэгжүүлдэг. Үеийн нөхдөдөө энэрэнгүй тусч чанар, шударга журмын үлгэр дуурайлал болдог, үйлс бүтээлийн хураар бусдыгаа хошуучлан манлайлдаг ажээ. Харин сайн туршлага түгээгч “Тэргүүний Хүүхдийн оролцооны байгууллага”-аар Завхан аймгийн Улаан загалмайн хорооны дэргэдэх “Тусч” бүлгэмийн хамт олон шалгарлаа. Тус хамт олон нь хүүхдийн нийгмийн өргөн оролцоог хангаж идэвх санаачилгыг өрнүүлэх, удирдан манлайлах. Багаар хамтран ажиллах арга зүйд суралцах. Үеийн нөхдөө татан оролцуулах, сурагчдын өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэх. Хүүхдийн санал бодлыг олон нийтэд хүргэх тэргүүтэй бүтээлч үйлс хийжээ. “Тэргүүний Хамт олон” төрөлд Г.Ганцэцэг дасгалжуулагчтай аймгийн өсвөрийн эмэгтэй волейболын шигшээ баг шалгарлаа. Мөн энэ үеэр үеийн нөхдөө хошуучлан, олон нийтийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцдог Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Мижиддоржийн Будхүүг Завхан аймгийн “Шилдэг хүүхэд” тэмдгээр шагналаа.

Оны онцлох гэр бүлээр Б.Түдэвваанчигийн гэр бүл тодров

Завхан аймаг залуу гэр бүлийг дэмжсэн “Аз жаргалтай гэр бүл” төслийг амжилттай хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд энэ онд нийт долоон удаагийн сургалт, нөлөөллийн ажлыг хийжээ.

Энэ жилийн  “Аз жаргал дүүрэн-Хариуцлагатай гэр бүл” төрөлд “Оны онцлох гэр бүл”-ээр Баттулгын Түдэвваанчигийн гэр бүл шалгарлаа. Онцлох гэр бүлийн өрхийн тэргүүн Б.Түдэвваанчигийн хувьд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран “Зөв Улиастай” үйл ажиллагааг 2019 оноос эхлэн нийт зургаан удаа зохион байгуулж, 500 гаруй залуучуудыг хамруулжээ. Мөн гэр бүлээрээ Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангаас зохион байгуулсан ном уншлагыг идэвхжүүлэх, өрхийн номын сангийн тохижилтыг дэмжих аяны тэргүүн байр, Миний гэрийн номын сан цахим уралдааны хоёрдугаар байрыг тус тус эзэлжээ. Хүү Эрмүүн нь А.С.Пушкиний зохиолыг хэн сайн унших вэ улсын уралдааны тэргүүн байр, улсын математикийн олимпиадын хоёрдугаар байрын шагналтай.

Тус гэр бүл нь хүүхдүүдийнхээ хүмүүжил, эрүүл мэнд, боловсролд маш их анхаардаг. Хүүхдүүддээ ухаалаг утас, телевизээс хол байлгадаг. Гэр бүлээрээ хөлөгт тоглоом, шагайгаар тоглодог. Хашаандаа мод тарьж ногоон орчин бүрдүүлэхийг, хог хаягдлыг багасгахыг зорьдог. Хүүхдүүддээ гудамж болон ил задгай газарт хог хаяхгүй байхыг зааж сургадаг үлгэр жишээ, тэргүүний оюунлаг гэр бүл юм.

Түүнчлэн “Аз жаргал дүүрэн-Хариуцлагатай гэр бүл” төрөлд “Оны онцлох гэр бүл”-ээр Жигжидсүрэнгийн Амарбаярын гэр бүл шалгарлаа. Өрхийн тэргүүн Ж.Амарбаяр нь үндэсний шагайн харваагаар хичээллэдэг. Шагайн харваа-2021 аймгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналтай. Гэрийн эзэгтэй гар бөмбөг, сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг, аймгийн аварга шалгаруулах тэмцээний хоёр, гуравдугаар байрын шагналтай. Мөн Сэтгэх чадварын олимпиадын 3-р байрын шагналтай. Охин А.Номин математикийн болон уран уншлагын тэмцээний хоёр, гуравдугаар байрын шагналтай. 2019-2020 оны хичээлийн жилийн шилдэг сурагч юм. Өнөөгийн нийгэмд мартагдаж буй өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх. Хойч үедээ өвлүүлэн хадгалуулахын тулд бусдад зааж сургадаг үлгэр жишээ гэр бүл байхыг эрхэмлэдэг. Амьдрах орчноо өөрсдөө тохижуулж, зүлэг мод тарьсан. Том охин Номин үндэсний ятга хөгжим тоглодог. Эцэг эхийн зүгээс хүүхдүүдээ маш сайн дэмждэг, гэр бүлээрээ цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг бүтээлч гэр бүл юм. Энэ жилийн байгууллагын дэргэдэх “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Шүүхийн тамгын газрын гэр бүлийн зөвлөлүүд тус тус шалгарлаа. 



Холбоотой мэдээ