МОНЦАМЭ агентлагийн ажилчдыг төрийн одон, медалиар шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-30 13:16:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил 100 жилийн ойгоо ёслон тэмдэглэж буй үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас шинэ оны босгон дээр гурван гавьяат төрлөө.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин С.Батсүх болон ахмад орчуулагч редактор Г.Пүрэвсамбуу, гэрэл зурагчин Т.Чимгээ нарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр тус агентлагт хүрэлцэн ирж гардууллаа.

 




Мөн Сүхбаатарын одонгоор МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал Б.Ганчимэгийг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ахмад ажилтан орчуулагч О.Чинбат, Тоймчдын албаны тоймч Г.Эрдэнэбат, Төсөл хамтын ажиллагааны Маркетинг төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Төмөр нарыг, “Алтан гадас” одонгоор Орон нутгийн мэдээний албаны Хариуцлагатай нарийн бичгийн дарга А.Саранцэцэг, эх бэлтгэгч Н.Батсүх, Захиргаа, үйлчилгээний албаны жолооч Г.Цэгмэд, хэвлэх үйлдвэрийн албаны ахлах техникч П.Ууганбаяр нарыг тус тус шагналаа.






“Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийг Дотоод мэдээний албаны сурвалжлагч Ч.Ариунболд, Ж.Болор, Б.Оюундэлгэр, Орос хэлний редакцийн орчуулагч Б.Ариунбаяр, Тамгын газрын дарга Б.Энхболд, гэрэл зургийн сурвалжлагч Н.Батбаяр, МОНЦАМЭ агентлагийн Сэлэнгэ аймаг дахь сурвалжлагч Ч.Отгонцэцэг, Увс аймаг дахь сурвалжлагч Б.Батхүү, Хөвсгөл аймаг дахь сурвалжлагч Б.Гантуяа, Баянхонгор аймаг дахь сурвалжлагч Б.Мөнхзул нар хүртлээ.






Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар шагнал гардуулах ёслолын үеэр хэлэхдээ, Монгол Улсдаа төдийгүй Ази тивдээ ч анхлан байгуулагдсан мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь эх орны 100 жилийн хөгжил, бүтээн байгуулалтын түүхийг бичилцэн, манай улсын сор болсон сэхээтнүүд ажиллаж ирснийг онцлов. МОНЦАМЭ-гийн өнөө үеийн уран бүтээлч, сэтгүүлч, орчуулагч нар Монголын тухай мэдээ мэдээллийг дэлхийд түгээх, дэлхийн мэдээг Монголдоо хүргэх үндсэн үүргээ нэр төртэй залгамжилж явааг мөн тэмдэглэн хэлэв.

Шагнал гардуулах ёслолын үеэр, Хэвлэл мэдээллийн салбарт эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж улс орондоо хувь нэмрээ оруулан үнэлүүлж буй сэтгүүлч, сурвалжлагч, орчуулагч, гэрэл зурагчин, хэвлэх үйлдвэрийн ажилтан нарт амжилт хүсэн баяр хүргэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уншин сонордуулсан юм.




 

 

Холбоотой мэдээ