АНУ-д 3 цагдааг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-18 09:28:59

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын өмнөд нутгийн Луизиана муж улсын Бейтон-Руж хотод ням гарагийн өглөө нүүрэндээ багтай, хар хувцастай зэвсэгт этгээд гурван цагдааг буудан хөнөөж, гурван цагдааг шархдуулсан ноцтой хэрэг гарчээ.

Хэрэг гарснаас хэдэн цагийн дараа албаны хүмүүс мэдэгдэл хийхдээ “зэвсэгт этгээдийг устгасан. Шархадсан гурван цагдаагийн нэгийг нь эмнэлэгт хүргэж, яаралтай хагалгаа хийсэн. Түүний биеийн байдал тааруу байна” гэв. Нөгөө хоёр цагдаа нь эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлж байгаа бөгөөд амь насанд хүрэхээр шарх аваагүй аж.

Цагдаа нарыг хөнөөснийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама телевизээр мэдэгдэл хийхдээ зэмлэн буруушаагаад “ийм халдлагууд ойр ойрхон гарч байна” гэлээ. Мөн тэрбээр америкчуудад хандан хоорондоо хагаралдахгүй байхыг уриалсан байна.

Бейтон-Руж хотод болон Миннесота муж улсад саяхан хар арьст залуусыг цагдаа хөнөөсний дараа энэ удаагийн хэрэг гарлаа. Хар арьст залуусыг цагаан арьст цагдаа нар хөнөөсний дараа Америк даяар эсэргүүцлийн жагсаал болсон юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ