“Тайвань дахь эрдэнэс”-ээр үзэсгэлэн нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-12-24 12:17:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сангийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Тайваний Үндэсний Төв номын сантай хамтран “Тайвань дахь эрдэнэс” үзэсгэлэнг энэ сарын 29-нд нээнэ.

 

Тайвань дахь Хааны ордон музей Дундадын эзэн хаад зуун зуун жил дамнан цуглуулсан эрдэнэс байдгаараа дэлхийд алдартай бөгөөд түүний дотор Монголын түүх соёл, төрд хамаарах данс бичиг, уран зураг, Монголын шашин төрийн зүтгэлтнүүдийн хэрэглэж агсан эд өлгийн олон нандин зүйлс арвин билээ.

Харин Тайванийн Үндэсний төв номын санд монголчуудын явдал түүхийг тэмдэглэн үлдээсэн олон зуун нангиад сурвалж бичиг байдгийг төдийлөн ярьдаггүй.

Тиймээс Монголын Үндэсний номын сан Тайванийн Үндэсний төв номын сангийн хөмрөг дэх сурвалж бичгүүдээр хоёр дахь удаагаа үзэсгэлэн зохион байгуулж байгаа бөгөөд тус үзэсгэлэн нангиад сурвалж бичгүүдээс гадна хаан хатдын хөрөг, уран зураг, чулууны дардас гээд үндсэн дөрвөн хэсэгт хуваагдаж байна.

Эдгээр нь Тайваньд төдийгүй монголчуудын хувьд эрдэнэ мэт нандин учир үзэсгэлэнгээ “Тайвань дахь эрдэнэс” гэж нэрлэжээ.

 

Өмнө нь 2019 онд дөрвөлжин үсгийн 750 жилийн ойг тэмдэглэж “Их Монгол Улсын Соёлын Өв, Нангиад Соёл Иргэншлийн Ул Мөр” үзэсгэлэнг дэглэн 3 сарын турш олон түмэндээ толилуулсан. Энэ удаа өмнө дэлгэж байсан судар бичиг, чулууны дардсуудаас гадна Дай Юан, Дай Мин, Дай Чин улсын үед зохиогдсон шастир бичиг, түүх намтар, газар зүй, аян замын тэмдэглэл, хууль цаазын бичгийн 30 нэрийн 57 ном, мөн 16 уран зургийн факсимили хуулбаруудыг дэлгэх юм. Тухайлбал, Монголын нууц товчоо, Судрын чуулганы адил Монголын гол гурван тулгуур бичгийн нэг Юан Ши буюу Юан улсын судар мөн 1234-1322 оны Их Монгол улсын шүүхийн эрүү иргэний хэргийн эмхэтгэл Юан Динжан буюу Юан улсын нэвтэрхий хуулийг дурдаж болно. 

Холбоотой мэдээ