Мэдээллийн технологийн хамтарсан коллеж байгуулж, инженер техникийн ажилтнуудыг БНСУ-д сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-17 13:40:59

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ манай улсад айлчилж байна. Албан хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхний мэдээллийг хийсэн юм. Тэрбээр,“БНСУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. Эрхэмсэг Ерөнхийлөгч АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад амжилттай оролцсон. АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газар, эрхэмсэг Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулж хамтарч ажилласанд баярлаж байна. Хоёр сарын өмнө би БНСУ-д айлчлал хийсэн. Тэр үеэр ярилцсан олон асуудал өнөөдөр эрхэмсэг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ажил хэрэг болж, санал нэгдэж гарын үсэг зурж байгаад баяртай байна. Манай хоёр орны харилцаа нэгдмэл үнэт зүйлсэд суурилсан иргэдийн харилцаанд тулгуурласнаараа онцлогтой. Манай хоёр орны харилцаанд Монгол-Солонгос хоёр орны Засгийн газрын хамтарсан хороо маш их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлье. Эрхэмсэг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр “Ухаалаг боловсрол” төслийг эхлүүлж байгаад баяртай байна. Төсөв хүндрэлтэй үед ЕБС-иудын сургалтын чанарыг сайжруулах, мэдээллийн технологид суурилсан сургалтын чанарыг дээшлүүлэхэд энэхүү төсөл маш чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөн эрхэмсэг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр мэдээллийн технологийн хамтарсан коллеж байгуулах, цаашид инженер техникийн ажилтнуудыг үе шаттайгаар Солонгос улсад бэлтгэхэд хамтарч ажиллая гэж ярилцлаа.

Монгол бол байгалийн их өвтэй орон. Улаанбаатар хотод Байгалийн түүхийн музейн шинэ барилгын асуудал энэхүү айлчлалын үеэр шийдэгдэж байгаа. Энэ бол бас нэг чухал ажил. Нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн хоёр дахь шат айлчлалын хүрээнд гарын үсэг зурж эхэлж байгаад баяртай байна. Сэргээгдэх эрчим хүчний хотхоныг Монголд байгуулах, энэ чиглэлд мөн бүхэл бүтэн цогцолбор бий болгоход судалгаа хийх тал дээр тохиролцлоо. Монголд оношилгооны шинэ төв байгуулах ажил эхэлж байгаа. Энэ тал дээр Солонгосын талаас дэмжлэг үзүүлж ажиллаж байгаад маш их баяртай байна. Түүнчлэн агаарын салбарт хамтарч ажиллах чиглэлд тогтож ярилцлаа. Ирээдүй үеийн солилцоонд анхаарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярьсан. Мөн хоёр орон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, энэ бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлд хамтрах асуудлыг хөндөж ярилцлаа. НҮБ болон бүс нутгийн байгууллага, олон улсын байгууллагын хүрээнд бие биенээ дэмжиж ажиллахаар тохиролцсон нь чухал байлаа.

Хатагтай Ерөнхийлөгчийн Монголд хийж буй айлчлал ганзага дүүрэн айлчлал байв. Энэ айлчлал хоёр орны хамтын ажиллагааг улам урагшлуулан бэхжүүлэхэд улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Монголд дахин айлчлахыг хүсэн ерөөе" гэв.

БНСУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ мэдээлэлдээ, "Юуны түрүүнд манай төлөөлөгчдийг халуун дотноор хүлээж авсанд эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож буй бөгөөд Монгол Улс АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Өнгөрсөн онд Солонгос-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиосон. Одоо бид шинэ 25 жилийн ойг угтах гараан дээр зогсож байна. Өнгөрсөн 5 дугаар сард эрхэм Ерөнхийлөгч та манай улсад айлчилснаас хойш ердөө хоёр сарын дараа миний бие Монгол Улсад айлчилж байгаа нь хоёр орны харилцааны хөгжлийн талаарх бидний хүсэл эрмэлзлийг тодорхой харуулж байна гэж бодож байна. Өнөөдрийн албан ёсны хэлэлцээ олон салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар үр дүнтэй ажиллах бололцоог олгосон. Сүүлийн үед хоёр орны өндөр дээд түвшний харилцан айлчлал урьд урьдынхаас илүү идэвхжсэн бөгөөд миний бие энэхүү боломжийг үр дүнтэй ашиглан, хоёр орны аюулгүй байдлын салбарыг бэхжүүлэхийг хүсч байна. Манай хоёр орон Солонгосын хойг, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах тал дээр стратегийн хувьд ижил байр суурийг хадгалж байдаг. Өнөөдрийн албан ёсны хэлэлцээний үеэр бид Хойд Солонгост цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар хатуу байр суурин дээрээ  үндэслэн Солонгосын хойг болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөө хамтран хүчин чармайлт гаргахаар тохиролцсон билээ.

Миний бие эрхэмсэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өнгөрсөн хугацаанд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хоёр Солонгосын нэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн явдалд гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн. Цаашид ч миний бие бүс нутгийн тогтвортой байдалд хамгийн их аюул учруулж буй Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр гэх мэт өдөөн хатгалтын эсрэг Монгол Улстай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахыг хүсч байна. Миний бие сүүлийн үед үүсээд буй олон улсын эдийн засгийн хүнд нөхцөл байдал дунд чөлөөт худалдааг хумих биш өргөтгөхөд анхаарах хэрэгтэй хэмээн бодож байна. Энэ талаас авч үзвэл энэ удаад Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах тухай зорилго бүхий хамтарсан судалгааг эхлүүлэх болсонд туйлын баяртай байна. Энэхүү хүчин чармайлт нь алс хэтдээ манай хоёр орны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх алхам болно гэдэгт найдаж байна. Энэ удаагийн албан ёсны хэлэлцээгээр дамжуулан хоёр орны төрийн тэргүүн нар цахилгаан станц, шинэ болон сэргээгдэх эрчим хүч зэрэг байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах зэргээр эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг үр дүнтэй болгоход хүчин чармайлт гаргахаар тохиролцлоо.

Мөн бид эрдэс баялаг, эрчим хүч зэрэг уламжлалт салбараас гадна хамтын ажиллагаагаа солонгоруулах арга замын талаар санал солилцлоо. Үүний нэг тод жишээ нь өргөн уудам газар нутаг бүхий Монгол Улсын онцлогт тохирсон алсын зайн эмчилгээ оношилгооны хүртэц нь монголын ард түмний эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад тус дөхөм болно хэмээн үзэж байна. Энэ удаагийн санамж бичиг нь энэхүү салбарт хоёр орны хамтын ажиллагаанд ахиц болно гэдэгт найдаж байна.

Хөгжлийн хамтын ажиллагааны талаас авч үзвэл Монгол Улс манай чухал түнш орон. Монголын талаас санал тавьсан хэд хэдэн төслийг судалж байгаа бөгөөд Солонгосын хөгжлийн туршлага Монголын хөгжлийн стратегид хувь нэмэр оруулах чиглэлээр хөгжлийн хамтын ажиллагааны тал дээр цаашид анхаарах болно.

Хоёр улсын иргэд хоорондын харилцаа өргөжиж байгаа нь хоёр улсын харилцааны хөгжлийн нэгэн чухал баялаг юм. Хоёр орны төрийн тэргүүн нар цаашид хоёр орны иргэдийн харилцааг улам илүү өргөжүүлэх үүднээс хүчин чармайлт гаргахаар болсон бөгөөд ялангуяа харилцан зорчих асуудлыг тогтворжуулах, оршин суух баталгааг хангах зэрэгт холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болсон. Агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар талууд нэгдмэл байр суурин дээрээ үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Миний бие иргэд хоорондын харилцаа, ялангуяа хойч үеийн харилцаа чухал хэмээн үзэж байгаа бөгөөд иймээс хоёр орны соёлын харилцааг нэмэгдүүлэх үүднээс тасралтгүй бэхжүүлэхийг чухал хэмээн үзэх болно. Энэ удаа соёлын харилцааны талаар санамж бичиг байгуулснаар бүтцийн хувьд үндэс суурь нь тавигдсан учраас соёлын харилцаа, соёлын аж үйлдвэрийн харилцаа бэхжин үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна.

Эрхэм зочид оо, өнөөдрийн албан ёсны хэлэлцээгээр дамжуулан манай хоёр улсын түвшинд төдийгүй Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд мөн адил хувь нэмэр оруулах чухал түнш гэдгийг дахин нотлох завшаан тохиолоо. Энэ удаагийн айлчлал маань Монгол Улсын агуулж буй нөөц бололцоо, хоёр орны харилцааны гэрэлт ирээдүйг тольдон харах бололцоо олгосон ач холбогдолтой айлчлал болж байна. Өнөөдрийн албан хэлэлцээ цаашдын хамтын ажиллагааны хоёр орны шинэ 25 жилийн түүхэн хуудсыг нээх чухал эхлэл болж байна хэмээн найдаж байна" гэлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ