Фетулла Гулленыг шилжүүлэн өгөхийг Эрдоган шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-17 12:34:28

АНКАРА. /Anadolu/. Террористуудын удирдагч, цэргийн эргэлтийг зохион байгуулагч гэгдэж буй Фетулла Гулленыг шилжүүлэн өгөхийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-аас шаардлаа.

Цэргийн эргэлт хийхийг оролдсон этгээдүүдийг дарахад туслан гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалснаас хойш бараг 24 цаг өнгөрсний дараа Ерөнхийлөгч Эрдоган Истанбул хотод цугласан олонд хандан үг хэлэхдээ “Пенсильванид байгаа лалын шашны номлогч Гулленыг шилжүүлэн өгөхийг Турк улс АНУ-аас олон удаа хүсч байсан. Энэ хүнийг АНУ-аас хөөн гаргахыг эсвэл шилжүүлэн өгөх талаар нэг бус удаа хүсэлт гаргаж байсан” гэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “энэ хүн Туркт төрийн эргэлт хийхээр зэхэж байна гэж АНУ-ын талд би олон удаа мэдэгдсэн боловч миний үгийг сонсоогүй” гээд “түүнийг Туркт шилжүүлэн өгөхийг АНУ-аас, Ерөнхийлөгч Барак Обамагаас би дахин шаардаж байна” гэжээ.

Мөн Эрдоган “баасан гарагт цэргийн эргэлт хийх оролдлогод армийн өндөр албан тушаалтнууд оролцоогүй. Харин арми доторх цөөнхийн бүлэг цэргийн эргэлт хийхийг оролдсон” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Цэргийн эргэлт хийхэд оролцсон гэж сэжиглэн одоогоор 2839 цэргийн албан хаагчийг баривчлаад байгаа ажээ.

Фетулла Гулленыг төрийн эргэлт хийлгэхээр хүмүүсийг өдөөн турхирч байна гэж Анкара буруушаасаар ирсэн юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ