Барилгын хөгжлийн төв, БНСУ-ын Инчоны чөлөөт бүсийн захиргааны хооронд санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-21 18:11:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөгжлийн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Хөшигийн хөндийд шинэ чөлөөт бүс байгуулах талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын хүрээнд БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа, Монгол Улсын Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хооронд санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.


Санамж бичигт Монгол талаас “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Солонгосын талаас Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргааны комиссар Ли Вон Жэй нар гарын үсэг зурж баталгаажууллаа.


Талууд Санамж бичгээр хоёр улсын олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох Хөшигийн хөндийн дагуул хотыг байгуулах хүрээнд эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийг бий болгож хөгжүүлэх юм.




Мөн бүс хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан мэргэжлийн баг байгуулах, судалгаа хийх замаар мэдлэг, туршлага солилцох, мөн хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Холбоотой мэдээ