Увс аймгийн засаг даргаар Д.Батсайханыг сонгож Ерөнхий сайдад уламжилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-16 19:10:53

 Увс аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит Анхдугаар хуралдаан энэ сарын 14-нд болж, аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчийг сонгож, Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад уламжлах болов.

Увс аймгийн ИТХ-ын даргаар Эвэлсүрэнгийн Насанбат сонгогдсон бол Засаг даргаар аймгийн МАН-ын хорооны дарга Дайвийнямын Батсайханыг томилохоор болж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг нь өргөн мэдүүлсэн билээ. Энэхүү шийдвэрийн хариу өчигдөр оройны 20 цагт ирж, улмаар үдшийн 21 цаг 30 минутад шинэхэн Засаг дарга ажлаа хүлээж авлаа.

 Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь 2004-2012 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2012 онд АТГ-т шалгагдаж, улмаар хоёр жил төрийн алба эрхлэхгүй байх, торгох ялаар шийтгэгдсэн. 2016 оны сонгуулиар Увс аймгийн МАН-ыг удирдан ажиллаж, УИХ-ын 3 тойрог болон аймгийн ИТХ-ын 41 суудлын 35-ыг намдаа авч чадсан амжилтаар ийнхүү Увсын Засаг даргаар томилогдсон.

  Хуучин Засаг дарга Д.Цэндсүрэн ажил хүлээлцэх үеэрээ аймаг орон нутгийн цаг үеийн ажил болоод цаашид хэрхэн юунд анхаарч ажиллах талаар захив.
Увс аймгийн шинэхэн Засаг дарга Д.Батсайхан ажил хүлээж авсан даруйдаа: “Өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарч ажиллана. Улс, аймаг, сумын нөөцийн өвс дуусч, хөрөнгө мөнгөгүй болсон байна. Үүнээс гадна аймгийн төв болох Улаангом хотын өвөлжилтийн асуудал хүндрэлтэй байдаг. Үүнд маргаашнаас эхлэн анхаарч ажиллана. Улсын төсвийн байгууллагууд цалин хөлсөө оны эцэс хүртэл хэвийн тавина гэж байна. Гэвч асуудал гарвал Засгийн газарт тавьж ажиллана. Увс аймаг энэ сарын 18-19-нд наадах юм байна. Өмнөх Засаг даргын захирамжаар баяр наадмын комисс томилогдсон байна. Бэлтгэл ажилтай маргааш танилцана. Увс аймгийн МАН-аас орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө энэ 4 жилд хэрэгжүүлж ажиллана. Та бүхнийхээ итгэлийг сэтгэлээр хариулах болно. Баярлалаа” гэлээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ