Э.Бат-Үүл-д дөрвөн жилийн хорих ял оноолоо

Монголын мэдээ | Хууль
uransolongo49@gmail.com
2021-12-16 19:42:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга асан шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг энэ сарын 7-16-нд хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.


Шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун нарт гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

  • Э.Бат-Үүлд биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах,
  • Б.Чулуудайд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15 360 000 төгрөгөөр торгох,
  • А.Гантулгад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
  • Т.Гэрэлт-Одод долоон сая төгрөгөөр торгох,
  • Д.Жаргалсайханд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9 792 000 төгрөгөөр торгох,
  • Ю.Алтангэрэлд 2 700 000 төгрөгөөр торгох,
  • Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон зэргээр тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Мөн иргэний хариуцагч Бэрэн ХХК-ниас 9 тэрбум төгрөгийг, шүүгдэгч А.Гантулгаас 210 651 500 төгрөгийг, шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120 096 500 төгрөгийг, шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10 500 000 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн орон сууцны корпорацад олгуулж шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ