Нярай судлалын тасагт 12,6 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-14 13:21:59

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Нярай судлалын тасагт 12,6 сая төгрөгийн өртөг бүхий 6 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. 

Тус аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" мөрийн хөтөлбөрийн хүрээнд дээрх хөрөнгийг шийдвэрлэсэн байна. БОЭТ-ийн Нярай судлалын тасгийн нярайн их эмч С.Алтанцэцэг "Нярайн эрт үе болон нярайн сэхээн амьдруулахад нэн шаардлагатай 6 төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Уг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлснээр манайд том дэмжлэг болж, нярайн эндэгдэл өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлттэй байна" гэлээ. Цар тахлын хүнд үед 13 хоногтой коронавирусний халдвартай нярайг нарийн мэргэжлийн бусад эмч нарын хамтаар амийг нь аварч чадсан нь тус тасгийнхны амжилттай ажиллаж байгаагийн илрэл юм. Мөн энэ онд В вирустэй эхээс төрсөн 37 нярайд тус бүр нь 80-90 мянган төгрөгийн үнэтэй тариаг хийж эрүүлжүүлсэн байна. Уг тариаг аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэжээ. 

Ташрамд, Нярай судлалын уг тасгийг 2020 онд байгуулсан байна.  


Холбоотой мэдээ