Ж.Ариунаа: Архидалт, уур бухимдал нь хүчирхийллийг эрчимжүүлдэг хүчин зүйлс болохоос гол шалтгаан нь биш

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-12-08 14:18:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аян жил бүр 11.25-12.10-ны хооронд болдог уламжлалтай. 30 дахь жилдээ болж буй энэхүү аяныг 2021 онд "Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүрд хамаатай" гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбар, жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн хохирогчид үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн захирал Ж.Ариунаатай ярилцлаа.

 

-Хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах Нэг цэгийн үйлчилгээний талаар яриагаа эхэлье. Энэ байранд ямар төрлийн үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Нэг цэгийн үйлчилгээний төв нь аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн, нийгмийн халамжийн, хүүхэд хамгааллын үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, холбон зуучлах үйлчилгээг хүргэдэг. Аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зэрэг үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх зохион байгуулалтын бүтэц юм.

Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Шүүх, Прокурор, ШШГГ, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудтай ойр байршилтай “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг ашиглалтад оруулж, үйл ажиллагаа нь жигдэрснээр сүүлийн таван жилд нийт 2168 хүнд (давхардсан тоогоор) тусламж, үйлчилгээ хүргээд байна.

-Ангилж үзвэл аль төрлийн үйлчилгээг илүү авдаг вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөө туслалцааг 500, хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцаа 328, аюулгүй байдлын болон цагдаагийн хамгаалалт 380, хүүхэд хамгааллын үйлчилгээнд 257, нийгмийн ажлын чиглэлээр 256, эрүүл мэндийн үйлчилгээг 119 хүнд гэх зэрэг долоон төрлийн үйлчилгээ тасралтгүй үзүүлсэн байна. Нийт 45 хүнд (үүний 12 нь хүүхэд) давтан үйлчилгээ үзүүлсэн байдаг.

Манай төвийн Түр хамгаалах байр нь 24 цагаар ээлжлэн жижүүрлэж ажилладаг. Тусламж, үйлчилгээ авах иргэдээс бичиг баримт шаардахгүй, үнэ төлбөргүйгээр 30 хүртэл хоног байрлуулах боломжтой, мөн халамжийн үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай.

-Түр хамгаалах байртай болсны ач холбогдлыг та хэрхэн хардаг вэ?

-Хөдөө орон нутаг, аймаг буюу алслагдсан орон зайд амьдарч аж төрнө гэдэг зарим талаараа нийгмийн үйлчилгээг бүрэн авах боломжгүй, мэдээлэлгүй болгодог. Яг энэ өнцгөөс авч үзвэл өмнө нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчид хаанаас ямар мэдээлэл авахаа, хаана хэнд хандахаа мэдэхгүй буюу иргэд хууль эрх зүйн талын мэдээллээр маш дутмаг цаг үе байсан. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн салбарыг 1997 онд Баянхонгор аймагт байгуулсан үеэс хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх, олон нийтийн хандлагад нөлөөлөх ажлуудыг хийж ирсэн. Бидэнд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах хэрэгцээ байнга тулгарч, амь, эрүүл мэнд, аюулгүй байдалд нь эрсдэл учирсан тохиолдолд хамгаалан байрлуулах газар орон нутагт байгаагүй. Онцгой тохиолдолд, Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, Эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлэх, салбарын ажилтан гэртээ байлгах, хүүхдийн Сансар зусланд багшаар ажиллуулж, хүүхдүүдийг халамжийн сангийн зардлаар амраах зэрэг олон янзын аргаар асуудлыг шийдвэрлэхийг чармайж ирсэн ч цогц үйлчилгээ болж чадахгүй байсны улмаас эрсдэлд учирсан хохирогчийг хүүхдүүдийнх нь хамтаар түр хамгаалах зориулалтын байр байгуулах шаардлага зүй ёсоор тулгарсан.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн салбараас аймгийн ГХБХБГ-т хандсанаар тохиромжтой байршилд газар олгосон ба 2013 онд аймгийн Засаг даргын 389 тоот захирамжаар уг газрыг эзэмшүүлж, салбарын зүгээс холбогдох байгууллагуудаар Техникийн нөхцөл, Инженер геологийн дүгнэлт гаргуулан, барилгын зураг төсвийг хийлгэн, хөрөнгө босгох нөлөөллийн ажлуудыг төвтэйгөө хамтран, шат дараатайгаар хийсэн. 2014 онд салбарын НЦҮТ /нэг цэгийн үйлчилгээний төв/-ийн барилга барих төслийг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөр дэмжин, Засаг даргын хамт гурван талт гэрээ байгуулж, 2015 - 2016 онд 167.980.872 төгрөгийн санхүүжилтээр жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн 240 м2 барилгыг бариулснаар харьяалал харгалзахгүйгээр хөдөө орон нутгийн төдийгүй өөр аймгаас ч хохирогчдыг хүлээн авч үйлчилгээ үзүүлж байна.

-Харьяалал харгалзахгүйгээр үйлчилдэг байх нь.

-Тийм ээ. Улаанбаатараас дөрвөн эмэгтэй, нэг хүүхэд, Орхон аймгаас хоёр эмэгтэй, дөрвөн хүүхэд, Булган аймгаас нэг хүүхэд, Говь-Алтай аймгаас нэг эмэгтэй, дөрвөн хүүхэд, Өвөрхангай аймгаас нэг эмэгтэй, хоёр хүүхдэд аюулгүй байдлын хамгаалалт, сэтгэл зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, гэр бүлд нь буцаан нэгтгэх болон холбогдох төрийн байгууллагын албан тушаалтанд хүлээлгэн өгсөн. Гэр бүлийн хүчирхийллийг танин мэдэх, илрүүлэх, холбон зуучлах, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авах, сэтгэл зүйн боловсролын мэдээлэл гэх мэт олон нийтэд эрэлт хэрэгцээтэй, хүртээмжтэй, нотолгоонд суурилсан мэдээллээр хангаж эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламжийг авах боломжийг бүрдүүлсэнд талархаж явдаг.

Сониноос, ээж маань аймгуудаас (тэр үед Дархан, Эрдэнэт хотын статустай байсан) анх удаа Эмэгтэйчүүдийн соёлжих танхим барих зураг, төсөл захиалан хийлгэж, 1982 оны 5 дугаар сард Намын хорооны аппаратын ажилчдын хүчээр таван өрөө байрыг цайны газар, заалны хамт барьж, есдүгээр сард ашиглалтад оруулж байж. Ээж нь аймгийн эмэгтэйчүүдэд оёдол, эсгүүрийн, хивс нэхэх, монгол гутал, янз бүрийн хоол, талх, нарийн боов хийх зэрэг сургалт явуулж, нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжих ахуйн соёлыг айл өрхүүдэд нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулж байсан бол охин нь жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх төвийг байгуулж, ажиллуулж буй нь нийгмийн тусгал л юм даа.

-Баянхонгор аймагт хүчирхийлэлтэй бодитоор тэмцэж, таслан зогсоохын төлөө олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан хүний нэг нь Та. Энэ чиглэлд ажиллах болсон шалтгаан юу байв?

-Эхлэл бол тун санаандгүй хэрэг л дээ. Би 1990 онд ЗХУ-ын Эрхүү хотноо Улсын Багшийн дээд сургууль төгсөж ирээд, аймгийнхаа 2 дугаар дунд сургуульд долоон жил орос хэлний багшаар ажилласан. Нийгмийн өөрчлөлтөөс улбаатайгаар орос хэлний хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасч, бүтцийн өөрчлөлт нэрээр орос хэлний багш нарыг цомхотгон, заримыг нь англи хэлний багш болгож давтан бэлтгэсэн юм. Яг энэ цаг үеэр буюу 1997 оны хавар Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийнхөн манай аймагт сургалт явуулан, ажиллах хүмүүс шалгаруулах болж, тухайн үед аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга байсан Ш.Чимгээ надад ажлын санал тавьсныг би гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд, ээж, нөхөр хоёр маань дэмжсэн. Ингэж л анх Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарын сэтгэл зүйчээр ажиллаж эхэлсэн. Ээж маань 16 жил аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажилласны нөлөө ч юм уу, эмэгтэйчүүдийн асуудал гэхээр сэтгэлд багтсан байх.

-Энэ чиглэлээр таны ажилласан 20 гаруй жил гэдэг бол гэр бүлийн хүчирхийлэл манай аймагт ямар хэмжээнд байж байгаад одоо ямар нөхцөл байдалтай байгааг харьцуулж дүгнэх, чухал үнэлэлт болох нь дамжиггүй?

-Салбар байгуулсан эхний үед хүчирхийллийн тухай ойлголт харьцангуй шинэ, нэр томьёо нь ч хүмүүсийн ой тойнд сайн буугаагүй байсан. Ямар сайндаа хамт ажиллаж байсан Ц.Цэрэн багш маань хүмүүст “та нар хүчиндүүлбэл шууд л Ариунаа дээр оч” гэж хошигносон байх вэ дээ. Хүчирхийллийн талаарх тоо баримт, судалгаа нэг их өөрчлөгдөөд байдаггүй, үйл ажиллагааны үр дүн нь их удаан гардаг. Монголын, гадаадын бусад улсуудын тоо баримтууд их ойрхон. Сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг хийсний дараа тоо нь өснө. Гэхдээ энэ бол хүчирхийлэл эрчимжиж буй гэсэн үг биш харин хүмүүс мэдээлэлтэй болоод, мэдээлээд, илрүүлж байна гэсэн үг. Сая ковидын хөл хорионы үеэр бусад гэмт хэрэг буурахад хүчирхийллийн хэрэг, зөрчлүүд нэмэгдсэн нь архидалтаас хамаардаггүй, ахуйн хүрээний гэмт хэрэг гэдэг нь харагдлаа.

-Улсын хэмжээнд Баянхонгор аймгийг харьцуулж харвал нөхцөл байдал ямар байна вэ?

-Улсын хэмжээнд гэхээр хот суурин газруудад хүн ам төвлөрдөг учраас гэмт хэргийн гаралт өндөр байх нь ойлгомжтой. Хүчирхийллийн асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй газруудад илрүүлэлт хангалтгүй учраас гэмт хэрэг, зөрчлийн тоо бага харагдаж болно. Улсын хэмжээний болон манай аймгийн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо ер нь буурахгүй байгаа. Маш олон жилийн үйлчилгээ, нөлөөллийн ажлын үр дүнд л хүчирхийлэл яваандаа буурна.

-Хүчирхийлэлд өртсөн иргэд тус байраар нэг удаа үйлчлүүлээд эргээд хүчирхийлэгч дээрээ очих тохиолдол олон. Үүнээс болж амиа алдсан тохиолдол ч манай улсад гарч байсан. Тэгэхээр хүчирхийлэгчид зориулсан ямар арга хэмжээ байх ёстой вэ?

-Ихэнх хүмүүс иргэд ч, шийдвэр гаргагчид ч хүчирхийллийн шалтгааныг архидалт, уур уцаар гэж ойлгодгоос хүчирхийлэлд үзүүлж буй хариу үйлдэл, гаргаж буй шийдвэр оновчгүй байх нь бий. Гэтэл архидалт, уур зэрэг нь хүчирхийллийг эрчимжүүлдэг хүчин зүйлс болохоос гол шалтгаан нь биш. Гол шалтгаан нь өөрийн үнэлэмж сул доройгоос болж асуудлыг хүчээр шийдэж сурсан, гэр бүлдээ хяналт, эрх мэдлээ тогтоох гэсэн зан үйл юм. Ийм учраас хүчирхийлэл үйлдэгч эрчүүдийн /нийт эрчүүд биш шүү, хүчирхийлэл үйлдэгчдийн 90-95 хувь нь эрчүүд байдаг учраас хүйсийн гэмт хэрэг гэж үздэг/ ийм зан үйлийг өөрчлөх, өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, хүчирхийллийн хор уршгийг, гэр бүлд тулгарсан асуудлыг хүчээр бус өөр аргаар шийдэж болно гэдгийг ойлгуулах олон талт үйл ажиллагаа л хамгаас чухал. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн тохирсон хариуцлагаа хүлээх нь зүй боловч маш их зардал, хөрөнгө хүч шаарддаг. Харин урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бол бага зардлаар зөвхөн хүчирхийлэл үйлдэгч төдийгүй, нийгмийн бүхий л бүлгүүдэд хүрэх боломжтой, үр дүнтэй ажил байдаг. Хүчирхийллийн шалтгаан, үр дагавар, хүлээх хариуцлага зэргийг ойлгосноор хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх боломжтой.

-Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог, хүчирхийлэгчээс дараагийн хүчирхийлэгч төрөн гардаг гэх ойлголт байдаг. Та үүнтэй санал нэгддэг үү? Өөрөөр хэлбэл хүүхдийг ирээдүйд хариуцлагатай, хүнлэг иргэн болгохын тулд таны мэргэжлийн зүгээс юун дээр анхаарах ёстой вэ?

-Хүчирхийлэл л хүчирхийллийг төрүүлдэг. Хайртай аав нь, хайртай ээжийг нь зодохыг харж өссөн хүүхэд асуудлыг өөрөөр шийдэхийг, хүнийг хайрлахад суралцаж мэдэхгүй. Ялангуяа хүүхдийн бага насандаа авсан сэтгэцийн гэмтэл насан туршид нь дагаж, амьдралд нь хар толбо үлдээдэг. Амьдралд зөндөө л олон ээдрээтэй асуудлууд байдаг, хоёр өөр орчинд төрж, өссөн хүмүүс олон зүйл дээр зөрчилдөх нь ойлгомжтой. Тэр тохиолдол бүрд өөртөө итгэлгүй, дотогшоо болж өссөн хүн уурлах, архи уухаараа дотроо хуралдсан бухимдлаа хүчирхийллийн аргаар гаргадаг ч юм уу эсвэл маш тогтворгүй, түрэмгий зан авиртай болно. Мөн байнга анхаарлын төвд байлгаж, хэт их эрхлүүлсэн хүүхэд асуудлыг хүчээр шийддэг, өөрийн бодсон санасныг бусдад тулгадаг болох магадлалтай. Хайр, халамж гэдэг бол хоёр урсгалтай байвал зөв. Гэр бүлийнхэн нь хүүхдээ хайрлаад, хүссэнээр нь байлгаад байхад тэр хүүхэд эргээд гэрийнхнээ, жаахан дүүгээ, аав, ээжийгээ, гэрийн тэжээмэл амьтнаа ч юм уу хайрлаж, халамжилж сурахгүй бол зүгээр л “авагч” болж хувирна.

Олон эцэг, эх хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангачихаад оюун санааных нь хэрэгцээг орхигдуулдаг. Хүүхэдтэйгээ ярьдаггүй, хүүхдээ сонсдоггүй, сонголт, шийдвэрийг нь хүндэлдэггүй. Өөрсдөө дэргэд нь буруу үлгэр дуурайл үзүүлдэг: хорт зуршилд автдаг, худлаа хэлдэг гэх зэргээр. Орчин үед бүр амар болсон, гар утас, компьютерт хүүхдийнхээ хүмүүжлийг даатгаж байна шүү дээ. Гэтэл хүүхдэд аав, ээж нь өөрийг нь сонсох, ойлгох, бодол санааг нь хуваалцах, шийдвэр гаргахад нь туслах л хамгаас чухал байдаг. Хүүхдийг ирээдүйд хариуцлагатай, хүнлэг иргэн болгохын тулд багаас нь бусдыг сонсдог, хүндэлдэг, хайрладаг болгон, биеэрээ үлгэрлэж сургах нь эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид, насанд хүрэгсдийн хойшлуулшгүй үүрэг. Энэ бол ямар ч хөрөнгө хүч, орчин нөхцөл шаардахгүй, сэтгэл, цаг гаргахад л биелэгдэх зүйл. Гэхдээ ганц нэг удаагийн санаачилга хангалтгүй, тал талаасаа багагүй хүчин чармайлт гаргаж байж үр дүнд хүрнэ.

-Нийгмийн суурь болсон гэр бүлийн орчин ямар байхаас нийгмийн өнгө тодорхойлогдох юм шиг санагддаг. Гэрэл гэгээтэй нийгмийн суурь гэр бүл гэж үзвэл гэр бүл ямар байх ёстой вэ?

-Яах аргагүй гэр бүл бол нийгмийн жижигхэн загвар. Бүх насны, бүх хүйсийн, бүх анги давхаргын төлөөлөл гэр бүлд байна. Гэр бүлийн хамгийн зөв загвар нүүдлийн монгол ахуй юм байна гэж боддог. Монгол өрх бүлийн гишүүд хамтаараа шийдвэр гаргаж, ахмад нь нялхсаа халамжлан, багачууд нь томчууддаа тусалж, ахмадууд нь өөрсдөө үлгэрлэн, дагуулж хөдөлмөрлөн, багачуулаа хүмүүжүүлдгээрээ маш онцлог. Чухамхүү ийм л орчинд уур бухимдал, хүч хэрэглэхээс ангид, байгаль орчинд ээлтэй, амьд бодгальд хайртай, амьдралын сорилтыг даван туулаад гарах тэсвэр тэвчээртэй хүмүүс хүмүүжиж, төлөвшиж байж.

-Цаашид юун дээр түлхүү анхаарч ажиллах ёстой вэ?

-Өвөг дээдсээс уламжлан, хүн төрөлхтний охь болгон үлдээсэн зөв зүйтэй зан үйлүүдээ сэргээн өвлүүлэх, хүн амын зорилтот бүлгүүд, шийдвэр гаргагчид, хууль сахиулагчдад хандсан урьдчилан сэргийлэх буюу нөлөөллийн, хүчирхийлэл үйлдэгчдэд зориулсан зан үйлийн, даван туулагчдыг чадавхжуулах сургалт, сурталчилгаа, үйлчилгээ дээр л төрийн болон төрийн бус байгууллагууд түлхүү анхаарч, үүрэг хариуцлагаа зөв хуваарилан олон талт үйл ажиллагаа явуулбал үр дүнтэй гэж үздэг. Эдгээрээс хамгийн чухал нь хүмүүсийг гэгээрүүлэх, нийгэмд хүчирхийлэлд өртөгч нь сул дорой, ноомой, хүлцэнгүй гэх мэт ойлголт түлхүү байдаг. Гэхдээ олон нийтийн дунд байдаг нийтлэг энэ дүрслэлээс үл хамааран энэ хүн хүчирхийллийн хохирогч, энэ нь хүчирхийлэгч юм байна гэж тодорхойлох боломжгүй л дээ. Товчхондоо бол ямар ч хүн хүчирхийлэгч байж магадгүй, хүчирхийлэлд хэн ч өртөж болзошгүй. Тиймээс л Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүн бүхэнд хамаатай. Үүнийг дуугүй өнгөрөөх нь улам даамжруулах, охид бүсгүйчүүдэд хөнөөлтэй явдлыг өөгшүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Жендэрт суурилсан хүчирхийллийг зогсооход хүн бүхэн хүчин чармайлт гаргах учиртай.

-Асуултгүй хором...

-Төр засаг, хууль буруутай, хүчирхийллийн эсрэг хэн нэгэн тэмцээч ээ, хэн нэгэн хийгээч ээ гэдэг. Гэхдээ та өнөөдөр юу хийсэн юм бэ? Эцсийн бүлэгт бид хоёр хоноод мартсан. Хүчирхийллийг ийм болтол нь тэвчиж ирсэн бид нарын буруу. Бид хэнд ч найдах шаардлагагүй боллоо. Мундаг засгийн газар, эсвэл баатар гарч ирээд хүчирхийллийг алга болгохгүй. Ганц байгууллага үүнийг алга болгож чадахгүй. Та оролцож байж хүчирхийллийг зогсоож чадна.

Өнөөдөр бид хүчирхийллийн асуудлыг надад хамаатай биш, манайх ийм биш, магадгүй тэр хэн нэгэн өөрийн буруугаасаа болж л тийм байдалд хүрээ биз гэж бодож болохгүй.Бид нэг л нийгэмд амьдарч байгаа тул хүн нэг бүрд хамаатай. Яагаад зарим хэсэг нь нүдээ аньж суугаад муу мэдээнээс хол байхыг хүсэж, зарим нь тэр бүхэнтэй зууралддаг юм бэ. Олон жил хүчирхийлэл дарамтанд байх тусам тэр муухай тойргоос тухайн хүн амархан гарч чадахгүй болдог. Та өөрийгөө хүчгүй гэж битгий бодоорой. Ганцхан хүний үйлдэл ямар том өөрчлөлт хийсэн жишээг бид ярина. Тиймээс эр эмийн хооронд илжиг болж ороод ч хамаагүй хүчирхийллийг зогсооё. Төрийн төлөө оготно боож үхэх биш, тэр оготно тэрийг өөрчилнө. Хүн болгон илүү зоригтой, 10 хүний хэмжээнд нөлөө үзүүлж чадах юм бол бид монгол хүүхдүүдээ хамгаалж чадна.

Дэлхийд иргэний хяналт оролцоог сайжруулахгүйгээр хүчирхийллийг давсан нэг ч тохиолдол байдаггүй. Хэчнээн мундаг төр байгаад, хууль байгаад та хажуу талынхаа айлыг мэдээлэхгүй бол, та өөрийнхөө хүүхдэд үлгэр дуурайл үзүүлэхгүй л юм бол ямар ч нэмэр байхгүй.

Холбоотой мэдээ