Орхон аймгийн 2021 оны Онцлох 9 үйл явдал

Фото
orkhon@montsame.mn
2021-12-07 12:12:30
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт 2021 онд өрнөсөн онцлох үйл явдал, бүтээн байгуулалтыг тоймлон хүргэе.                                                      

Инженерийн шугам сүлжээ ба Хотын хөгжил

Эрдэнэт хот 45 жилийн дараа газар доорх инженерийн шугам сүлжээгээ шинэчилж, 400 гаруй метр шугамыг шинээр солив.  Үүнд  улсын болон орон нутгийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Орлогод нийцсэн Орон сууц хөтөлбөр

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж Уртын гол, Цагаанчулуут, Их-Залуу, Эрдэнэ, Говил, Баянцагаан багт 1134, Оюут багт 992 нийт 2126 айлын орон сууц барина. Шинээр барих орон сууцны 80 гаруй хувийг худалдаж үлдсэн 20 хувийг түрээслүүлнэ.

 E-Mongolia төвийг нээлээ

Төрийн үйлчилгээний E-Mongolia төвийг нээлээ. Уг төв нь төрийн мэдээллийн Хур системийг ашиглан иргэдэд 51 төрлийн лавлагаа мэдээллээр үйлчилж байна. Энэ төв нь орон нутгаас хамгийн түрүүнд Орхон аймагт ашиглалтад орж байгаагаараа онцлог юм.  

                                                           Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгууллаа

"Ковид - 19" цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд Орхон аймаг 3 удаа хөл хорио тогтоон, 21 аймгаас анх удаа  вакцинжуулалтаа эхлүүлж, PСR шинжилгээний Вируслогийн 2 лаборатори, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгууллаа.


                                                              Эрдэнэт ДЦС-ыг өргөтгөлөө

БНХАУ-ын 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Эрдэнэт Дулааны цахилгаан станцыг СС-50 35МВт-ын турбин генератороор өргөтгөснөөр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 2,4 дахин өсгөж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг багаслаа.  


                                                         Цэцэрлэгийн хүртээмжийг нэмлээ

2021 онд 7-р цэцэрлэгийн усан бассейн, Булаг багийн 18, Эрдэнэ багийн 11, Согоот багийн 4-р цэцэрлэгийн өргөтгөл, Баянбулаг багт 150, Яргуйт багт 150 хүүхдийн цэцэрлэг, Жаргалант суманд 100 хүүхдийн дотуур байрны барилга  ашиглалтад орлоо.


                                                       Айл өрх бүр цахилгаан хэрэглэгээ  хянана

Дэлхийн банкны 12.8 төгрөгийн санхүүжилтээр Эрдэнэт Булганы ЦТС компани  Эрдэнэт хотын бүх айл өрхийг ухаалаг тоолууртай болгож,  цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг шинэчилж  Баян-Өндөр суманд 35/6кВ-ын төв хуваарилах станцыг шинээр барих ажил эхэллээ.


                                                             ӨЭМТ-ийн хүртээмжийг нэмлээ

Их-Залуу багт Энхжихмандариваа, Булаг  багт Нийцэл ӨЭМТ-ийн байр шинээр барьж, Жаргалант сумын ӨЭМТ-ийг өргөтгөн, сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 900 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангалаа.


                                                   Цахим Эрдэнэт 1 хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Цахим Эрдэнэт-1 хөтөлбөрийг хэрэгжүүлж мэдээлэл технологийн өндөр хурдны интернэтийн дэд бүтэцтэй, зам тээврийн хувьд аюулгүй, таатай, эрчим хүчний хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй,  хог хаягдлын менежмент сайтай хот болох зорилтын хүрээнд ажиллаж байна.