Б.Сувд: Баянхонгорынхон ном соёлын тал дээр маш мэдрэмжтэй, уншигч ард түмэнтэйг мэдэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-12-06 21:36:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Номын соёлт ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагч, сэтгүүлч, номзүйч  Бат-Эрдэнийн Сувдтай Баяхонгор аймагт ажиллах үеэр нь уулзаж ярилцлаа.

 

-Орон нутагт зохион байгуулж байгаа Номын баярын онцлог нь юу байна вэ.

-Хуулийг бүх нийтээр танин мэдсэнээр хэрэгжүүлэх боломж бүрддэг. Бид биеэр үлгэрлэж Ном соёлыг сурталчилж явна. Ийм зүйлийг ингэж хийдэг гэж холоос ярихын оронд тойрч ажиллах нь илүү үр дүнтэй шийдэл болсон. Алив зүйл үгээр биш, үйлдлээр хүнд илүү хүрдэг учраас орон нутагт ажиллаж байна.

-Үйл ажиллагаануудад Баянхонгор аймгийнхан хэр идэвхтэй оролцов? Хүлээлтэд тань нийцсэн болов уу?

-Аймгийн Соёлын хэлтэс, Нийтийн номын сан, орон нутгийн зохиолчид сэтгэл зүтгэл гаргаж үйл ажиллагааг минь дэмжлээ. Баянхонгорт ажилласан энэ өдөр сэтгэл дүүрэн байлаа.

-Өмнө нь номтой холбоотой ямар нэг үйл ажиллагаагаар Баянхонгор аймагтай холбогдож байсан болов уу? Номын соёлын тал дээр хэр түвшнийх гэж хардаг вэ?

-Өмнө нь энэ төрлийн ажлаар ирж байгаагүй юм байна. Нийтийн номын сан нь бусад аймгаа түүчээлж номын электрон каталогид шилжсэн, Ном соёлын үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж ирсэн туршлага зэргийг нь мэднэ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянхонгорынхон ном соёлын тал дээр маш мэдрэмжтэй, уншигч ард түмэнтэйг мэдэрлээ. Олон сайхан эрдэмтэн мэргэд, зохиолч яруу найрагчдын өлгий нутаг аргагүй өөр байна.

-Энэхүү үйл ажиллагаа энэ онд таван аймагт өрнөж байна. Тухайн аймгуудын сайн туршлагыг бидэнд хуваалцаач. Магадгүй цаашид илүү анхаарах шаардлагатай зүйлсийг ч анзаарсан байх?

-Аймаг болгонд өөр өөрийн онцлог байна. Номын баяр хэн нэгний, хэсэг бүлэг хүмүүсийн ажил биш бөгөөд хүүхэд, залуучууд, ахмад буурлууд, бүх нийтийн оролцоотой өрнөдөг ажил байх ёстой. Баянхонгор аймгийн тухайд номын сан, соёлын байгууллагууд, төрийн албаныхан хүч өгч байхад Архангай аймагт ЕБС-ийн сурагчид, хүүхдүүд “Номын баяр”-т голчлон оролцож байх жишээтэй. Тэгэхээр үүнээс хойш Баянхонгор аймгийнхан хүүхэд багачуудаа энэ төрлийн үйл ажиллагаанд илүү түлхүү оролцуулж байгаасай гэж санагдсан бол нөгөө талдаа Архангайнхныг томчуудыгаа илүү татан оролцуулдаг болоосой гэх бодол төрсөн. Өглөөний үйл ажиллагааны үеэр дээрх бодол төрж байсан бол үдээс хойш хүүхдүүд маш идэвхтэй оролцсон нь сайхан санагдлаа. Магадгүй ажлын өдөр, хичээл сургалтын цаг давхцаж байсан болохоор зарим талаар нөлөөлсөн байх. Аймгийн шилдэг уншигч, сурагчдаас гадна шилдэг уншигч ахмад буурлууд, номын сангийн үе үеийн ажилчид, Номын баярт цугласан нь ном соёлыг түгээх ямар их хүч нөөц байгааг илтгэж байна. Баянхонгорчуудад оноо тавихаар бол нэмэх, нэмэх гэсэн оноо л тавихаар байна даа.

-"Өдөр бүр уншъя" гэх урианы талаар дэлгэрүүлэхгүй юу?

-“Өдөр бүр уншъя” гэдэг бол УИХ-ын дарга Г.Занданшатарын уриалга. Уншлагын соёл тогтсон улс орнууд илүү өндөр хөгжилтэй байдаг. Бид унших дадал хэвшлийг амьдралдаа нэвтрүүлснээр бодол сэтгэхүй илүү тэлж, улс орон маань илүү хөгжих юм. Гадаа талбайдаа өндөр өндөр байшин сүндэрлүүлэхдээ биш, оюун сэтгэхүйдээ тийм хэмжээний цамхагийг босгох нь өнөөдрийн хувьд илүү чухал байгаа шүү дээ. Өдөр бүр унших дадлыг улс орон даяараа нэвтрүүлж, иргэн бүр уншигч байх хэрэгтэй байна. Энэ санал санаачилгыг УИХ-ын дарга маш найрсгаар хүлээн авч бидний ажлыг дэмжиж, ивээлдээ энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

-Ном унших дадал хэдий үеэс хэвшвэл зохилтой байдаг вэ? Нас насандаа тохирсон номыг хэрхэн яаж сонгох талаар зөвлөвөл?

-Хамгийн тохиромжтой нь хүүхэд нас. Хүүхэд багачуудыг Номын баярт идэвхтэй оролцож, үнэнч уншигч байгаасай гэж хүсээд байгаагийн шалтгаан нь энэ. Унших дадлыг хэр багад нь суулгана, насан туршдаа тэрхүү байдал нь зуршил болох юм. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд, ухаан орсон цагаас нь хүүхдүүдээ номтой нөхөрлүүлээрэй, унших дадал хэвшлийг олгохын төлөө багш сурган хүмүүжүүлэгч, номын санчидтай хамтарч ажиллаарай гэж зөвлөх байна. Нас насанд тохирсон ном сонгох тухайд хамгийн сайн зөвлөгч нь номын санчид. Номын санчдыг нийтээрээ зөвхөн номын сангийн ажилтан, ном олгодог хүн гэж хардаг. Тэгвэл үнэн хэрэгтээ номын санчид бол соён гэгээрүүлэх ажлыг хийдэг хүмүүс, чухал зөвлөгчид. Номзүйгээр хүнийг эмчилдэг төрөл хүртэл дэлгэрээд байна. Хүний сэтгэл санаа тавгүй байна аа гэхэд, Та энэ энэ номыг уншвал сэтгэл засарна гээд зөвлөх жишээтэй. Эмч эмийн жор бичдэг шиг, номзүйчид ном санал болгодог. Хэрэв таны сэтгэлзүйд асуудал тулгарвал номын санчид хандаад үзээрэй гэж зөвлөмөөр байна. Хүүхдэдээ унших дадлыг хэрхэн хэвшүүлэхээ мэдэхгүй байвал, нас насанд тохирсон бүтээлийг сонгоход эргэлзэж байгаа бол Номын санг зориорой гэж зөвлөе.

- Номын соёлыг нэг өгүүлбэрт багтааж хэлээч гэвэл?

- Ном бол хүнийг тэмүүлэлтэй байлгадаг хөтөч.

- Энэхүү үйл ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Өвөрхангай аймагт ажилласнаар энэ онд төлөвлөсөн таван аймгийн тоо бүрдэж байгаа. Номын баярыг аймагтаа зохион байгуулахаар хүлээж буй олон аймгийн уншигч, зохиолчид байна. Ирэх онд бид бусад аймгаар тойрч ажиллана. Ингэж ажиллаад Номын баярын тухай ойлголтыг орон даяар түгээж, эргээд Улаанбаатар хот дахь цугларалтаа бүх аймгаа хамруулан, илүү өргөн далайцтай хийх юм. Тэндээс зохиолчид бүтээлээ туурвих эрчмийг авч, уншигчид номд шимтэх сэдлийг өгсөн үйл ажиллагаа болж, аймаг, сум, номын сандаа хийх ажлуудаа товлодог байгаасай гэж хүсч байгаа. Бид орон нутаг дахь энэхүү үйл ажиллагаагаараа уншигч, зохиолчдоо Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд болдог “Номын баяр”-таа урьсаар яваа юм.

- Уншигчдад маань хандах үг байвал нээлттэй.

- Уншиж урагшлах гэдэг хамгаас чухал байна. Унших дадалтай хүн аливаа юмыг хүлээцтэй, өргөн хүрээгээр харж сэтгэдэг болсон байдаг. Номын ийм соёлтой ард түмэн гэдгээ одоо дэлхийд таниулъя. Үүнд хүн бүрийн хандлага, оролцоо чухал. Ингэхийн тулд хот, хөдөө ялгаагүй уншлагын түвшнээ нэг хэмд аваачъя, ном соёлыг эрхэмлэн хөгжүүлье гэдгийг уриалж байна. 

- Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ