Хоёр бүс нутгийн улс орнууд тулгамдсан асуудлаа ярилцах боломжийг АСЕМ олгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭАзи-Европын дээд түвшний уулзалт “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн төлөө түншлэлээ бэхжүүлэх нь” үндсэн сэдэвтэйгээр Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Дээд түвшний уулзалт 09.00 цагаас албан ёсоор нээлтээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой Францын Ницце хотод болсон халдлагатай холбогдуулан нээлтийн өмнө гүн эмгэнэл илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үг хэлсний дараа Европын холбооны Европын зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Дональд Туск болон АСЕМ-ын зохицуулагч орнууд болох Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Шинэ Зеланд Гадаад хэргийн сайд Мaррей Маккалли нар үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Европын холбооны Европын зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Дональд Туск:
-Францад болсон террорист халдлагад эмгэнэл илэрхийлсэн та бүхэнд баярлалаа. Эрх чөлөө, эрх тэгш байдал, эв нэгдлээ тэмдэглэж байсан хүмүүс энэхүү аймшигт халдлагын золиос болсон нь юутай харамсалтай вэ? Өнөөдөр Ази-Европын улс орнууд Францын ард түмэн Засгийн газартай сэтгэл зүрхээрээ хамт байна. Бид энэхүү эмгэнэлт халдлагыг буруутгаж байгаа бөгөөд цаашид халдлагын эсрэг тэмцэх болно. Бид бүхнийг Улаанбаатарт урьж энэхүү онцгой үйл явдалд оролцуулж байгаад баярлалаа. АСЕМ-ын 20 жилийг тэмдэглэх онцгой үйл явдалд оролцож байгаад талархаж байна. Мөн Монголын ард түмний баялаг, өв уламжлалын талаар суралцах боломж олдлоо.
Ази-Европын уялдаа холбоог улам илүү сайжруулна гэдэгт найдаж байна. Европ, Ази тивтэй хийж буй түншлэлдээ илүү их анхаарал хандуулдаг тэр ч утгаараар АСЕМ-ын уулзалт, хүмүүс хоорондын харилцаа холбоонд анхаарч ажилладаг. Бидэнд бие бинээсээ суралцах зүйл их бий. Ази,Европ хамтдаа дэлхийн хүн ам, ДНБ-ний 60 гаруй хувийг бүрдүүлдэг билээ. Бид хамтдаа тогтвортой байдлыг бий болгох үүрэгтэй билээ. Бидэнд ялгаатай зүйлүүд бий ч нэгтгэдэг зүйлс олон юм.
Мьянмар холбооны Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч У Тин Чяу:
-АСЕМ-ын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Сайд нарын түвшний уулзалтууд нь тухайн улс орон, бүс нутгуудын түвшинд ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд зөвхөн хоёр талын бүс нутгийн ард иргэдийн ашиг сонирхлоос гадна дэлхийн түвшинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Энэ удаагийн дээд түвшний уулзалт маш их үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна
Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо:
-Биднийг зочломтгой хүлээн авч байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид маш их баярлалаа. Францын халдлагад гүн эмгэнэл илэрхийлье. Энэ цаг мөчид бид Францын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байх болно. Терроризмын эсрэг тэмцэл нь бидний хийх ажлын нэн тэргүүний зорилт болж байна. Миний эх орон Словак Европын зөвлөлийг тэргүүлж байгаа. Бид террорист халдлагыг буруутгадаг бөгөөд хаана ч, ямар ч хэлбэрээр болж байсан санал нэгдэхгүй. Бид эрх чөлөөг ялангуяа шашны эрх чөлөөг дээдэлж, ямар ч төрлийн гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэнэ.
Шинэ Зеланд Гадаад хэргийн сайд Мaррей Маккалли:
-Шинэ Зеланд нь шинэ тутам улс. Гэхдээ Европын болон Европын өв соёлын үндэс хүчтэй байдаг. Газар зүйн хувьд Ази, Номхон далайн улсад тооцогддог. 1970 онд манай орны гадаад худалдааны 70 хувь нь Европтой хийгдэж байсан. Харин өнөөдөр 70 хувь нь Ази, номхон далайн орнуудтай хийж байна.
Биднийг улам илүү урагшлахад түлхэц болдог АСЕМ-д талархаж байдаг. Өнөөдрийн байдлаар Ази болон Европын орнууд маш их бэрхшээлтэй тулгарч байна. Европ руу Ази, Африкийн улс орнуудаас олон сая хүн шилжин нүүдэллэж, цагаачлалын асуудалтай хүчтэй тулгарч байна. Франц болон Бруссельд болсон халдлагаас харахад Европын аюулгүй байдалд хүнд бэрхшээл учирч байна.
Азийн өсөн нэмэгдэж байгаа хөгжил дэвшил, худалдаа эдийн засгийн өсөлт нь харилцан уялдаатай явж байна гэж дүгнэдэг. Гэхдээ өнөөдөр Ази мөн шинэ бэрхшээлтэй тулгарч байна. Өөрөөр хэлбэл энх тайван, тогтвортой байдлыг хангахад тодорхой бэрхшээл, дарамт учирч байна. Энэ хүрээнд хоёр бүс нутгийн улс орнууд ярилцах боломжийг АСЕМ олгож байна.
Н.Гантуяа