Байгаль орчны ТББ-уудын чуулганаар усны талаар хэлэлцэнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-12-06 13:11:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчны ТББ-уудыг дээвэр дор нэгтгэдэг Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн Үндэсний чуулган маргааш болно. Чуулганаар манай орны усны салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн тодорхойлж, гарц шийдлийн талаар санал зөвлөмж гарган холбогдох газруудад хүргүүлэхээр төлөвлөжээ “Цэнхэр алт-Ногоон хэрэм” сэдвийн дор Соёлын төв өргөөнд зохион байгуулах чуулганд Монголын Мянганы сорилтын сан (МСС)-гийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос “МСК-ын усны компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр”-ийг танилцуулж, Усны агентлагийн дарга Ш.Мягмар “Монгол улсын усны бодлого ба стратеги” сэдвээр илтгэл тавьж, МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнээ энэ чиглэлд хийсэн ажлаа тайлагнах юм. Мөн сүүлийн үед байгаль орчны хууль журмын эсрэг гэмт хэргийн төрлүүд нэмэгдэх болсонтой холбоотойгоор Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг илтгэл тавих юм.

Чуулганаар түүнчилэн төр, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагуудын түншлэлийн хүрээнд 2024 он хүртэл шийдвэрлэх, Монгол орны усны салбарын чиглэлээр тодорхой бүтээлч ажлыг холбогдох газруудтай хамтран зохион байгуулах талаар хэлэлцэх юм. Мөн Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн шинэ удирдлагын багийг сонгон батлаж, цаашдын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох аж.

Холбоотой мэдээ