Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байгууллагыг тодрууллаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-12-03 18:12:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр ХНХЯ-наас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй оны шилдэг”-үүдийг тодруулав. Энэ удаагийн оны шилдгүүдийг 9 номинациар тодруулснаас:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй яамаар ЗТХЯ,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй боловсролын байгууллагаар Өвөрхангай аймгийн 11 дүгээр цэцэрлэг,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг зөвлөлөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдэлэлийн Eguur.mn сайт,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллагаар “Степп Арена” компанийн “Мөсөн өргөө” ордон,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй нийгмийн зүтгэлтнээр Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбооны тэргүүн Н.Чулуундолгор,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй ТББ-аар “Ээлтэй ертөнц” байгууллага,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бизнесийн байгууллагаар “Мишээ Экспо” тус тус шалгарлаа.

Шагналыг ХНХ-ын сайд А.Ариунзаяа гардуулав. Тэрээр, тус яамнаас сайн туршлагыг түгээх, бусдад үлгэр дуурайлал болгох зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй оны шилдэг”-үүдийг тодруулж буйг тодотгов.

Энэ жил манай улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Ковид-19-ийн дараах оролцоог дэмжин хангасан, хүртээмжтэй, тогтвортой орчин дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайлал ба оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буйг онцоллоо.

Ташрамд мэдээлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулдаг энэхүү ажиллагааг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран 3 дахь удаагаа зохион байгуулж байна.




Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, амжилт гаргасан байгууллага, иргэдийг шалгаруулж, бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэх, тэргүүний туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сайшаан урамшуулж, алдаршуулах зорилготой батлагдсан журмыг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатай, хамтран ажилладаг яамдын дэргэдэх дэд зөвлөл, орон нутгийн салбар зөвлөлүүд болоод бусад хамтрагч байгууллага олон байгааг ХНХ-ын сайд А.Ариунзаяа дурдаж байв.

Холбоотой мэдээ