Япон улс батлан хамгаалахын атташег Монгол руу илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-15 10:55:06

ТОКИО. /NHK/. Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ терроризмтой тэмцэх асуудлыг нухацтай авч хэлэлцэх хүсэлтэй байна.

Монголын нийслэл Улаанбаатар хотноо өнөө өглөө эхэлсэн АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын өмнөх өдөр буюу пүрэв гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой  Шинзо Абэ уулзаж, хоёр улс хоорондын аюулгүй байдлын харилцааг бэхжүүлэхийн тулд Японы батлан хамгаалахын атташег Монголд байрлуулахаар тохиролцжээ.

Бангладешийн нийслэл Дакка хотод гадаадын иргэд голдуу 20 гаруй хүн, тэдний дотор Японы 7 иргэний аминд хүрсэн барьцаалагчдын террорист халдлагын талаар Абэ ярьжээ.

Тэрбээр хэлэхдээ “АСЕМ-ын гишүүн улсуудын удирдагчидтай уулзахдаа терроризмыг хэзээ ч тэвчиж, хүлээн зөвшөөрч болохгүй гэдгийг тодорхой хэлж, уриалга гаргах хүсэлтэй байна” гэжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнтэй санал нэг байгаагаа хэлэн “терроризмын бүх хэлбэрийг Монгол Улс ямагт зэмлэн буруушаасаар ирсэн” гээд Дакка хотод болсон террорист халдлагын хохирогчдын араас эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн сард хүчин төгөлдөр болсон Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт үндэслэн эдийн засгийн болон бусад салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр хоёр удирдагч тохиролцжээ.

Саяхан болсон парламентын сонгуульд нам нь үнэмлэхүй ялалт байгуулсны дараа ерөнхий сайдаар сонгогдон тангараг өргөсөн Ж.Баттулгатай Японы Ерөнхий сайд Абэ  мөн уулзсан юм.

Ерөнхий сайд нар хоёр талын харилцаа, ялангуяа эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар санаа бодлоо солилцжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ