Иран уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлж байна

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-02 17:19:58

ТЕХРАН. /DW/. Иран 2015 оны цөмийн гэрээг зөрчин уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлж байна гэж Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ шинжээчид мэдээлжээ.


Австрийн нийслэл Вена хотноо цөмийн гэрээг сэргээх тухай хэлэлцээ үргэлжилж буй үед НҮБ-ын харьяа агентлаг энэхүү тайлангаа танилцуулжээ. 2015 онд байгуулсан цөмийн гэрээгээр АНУ, ЕХ, НҮБ хориг арга хэмжээнүүдээ цуцалсны хариуд Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарлахаар тохиролцсон юм.


Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп улс орноо 2018 онд тус гэрээнээс гаргаж, Ираны эсрэг хатуу арга хэмжээнүүдийг дахин тогтоосон нь тус улсын эрх баригчдын дургүйцлийг хүргэж, гэрээнд оролцогч талууд болох Их Британи, Хятад, Франц, Герман, Оростой хурцадмал байдлыг үүсгэжээ. Тухайн үеэс Техраны засаг захиргаа гэрээгээр хүлээсэн үүргээсээ шат дараатайгаар няцаж эхэлсэн байна.


Энэхүү гэрээг сэргээх хэлэлцээ таван сарын турш завсарласны эцэст энэ долоо хоногоос дахин эхлээд байгаатай зэрэгцэн МАГАТЭ-гийн шинжээчид Ираны Фордоу суурин дахь газар доорх цөмийн байгууламжид мягмар гарагт очжээ. Тэдний дүгнэснээр, уг үйлдвэрт өндөр бүтээмжтэй центрифуг ашиглан ураныг 20 хувь хүртэл баяжуулах алхмуудыг хэрэгжүүлсэн байжээ.


Иран МАГАТЭ-гийн тайлангийн талаар юу гэж мэдэгдсэн бэ?

Иран улс Фордоу дахь үйлдвэрт ураныг 20 хувьд хүргэн баяжуулж байгаагаа батлан мэдэгдсэн байна. Техранаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын хувьд МАГАТЭ-гийн тайланг “ердийн шинэчилсэн мэдээлэл” хэмээн тодорхойлжээ. Мөн МАГАТЭ дахь Ираны төлөөлөгч Мохаммед-Реза Галеби ураны баяжуулалтыг энх тайвны зорилгоор хийж байгаа гэжээ. 

Холбоотой мэдээ